Зэвсэгт хүчний анги салбаруудыг хөгжүүлэх, алба хаах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор БХЯ, ЗХЖШ, БИЦУГ-аас шат дараатай авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн нэг нь тус ангийн "200 цэргийн байр" юм.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 200 цэргийн байрны шав тавих ёслол 2022 оны 4 дүгээр сарын 11-ний билэгт сайн өдөр зохион байгуулагдаж байсан бол өдгөө 2023 оны энэ өдөр цэргийн байрныхаа нээлтийг хийж, хугацаат цэргийн алба хаагчдаа шинэ цэргийн байранд нь орууллаа. Энэхүү ёслолын ажиллагааг нээж ангийн захирагч хурандаа П.Мөнхбат хэлсэн үгэндээ: Зэвсэгт хүчний хөгжлийн стратеги-2030 хөтөлбөрийн хүрээнд орчин цагийн Зэвсэгт хүчний 102 жилийн ойг тохиолдуулан анги байгууллагадаа бүрэн цогц үйлчилгээтэй цэргийн байр барьсан нь хугацаат цэргийн алба хаагчдын амрах, суралцах, хөгжих орчин нөхцөлийг сайжруулахад чухал ач холбогдолтой болохыг онцоллоо. Цэргийн байрны нээлтэд Сүхбаатар аймгийн засаг дарга М.Идэрбат, Баруун-Урт сумын засаг дарга Ж.Жавхаатөгс, цэргийн штабын дарга дэд хурандаа Б.Аваацогт, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд оролцсон юм.
Тус ангийн 12 жилийн хөгжлийн түүхэнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан ангийн байрлал дахь хамгийн том бүтээн байгуулалт юм. Үүнийг өөрсдийн хуримтлуулсан туршлага, сургамжид тулгуурлан мэргэжлийн инженер, техникийн ажилчид, офицер, ахлагч болон хугацаат цэргийн алба хаагчдын хүчээр чанарын өндөр түвшинд барьж ашиглалтад орууллаа.
Ахмад Б.Одбаяр