Зэвсэгт хүчний Барилга-Инженерийн цэргийн удирдах газар, түүний харьяа ангиудын бие бүрэлдэхүүн өнөөдөр 2022 оны үйл ажиллагаагаа тайлагнаж, ололт амжилтаа дүгнэн хэлэлцлээ.
Тайлангийн хуралд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хурандаа Ж.Өсөхбаяр, БСТГ-ын ахлах мэргэжилтэн хурандаа М.Батболд, ХШҮГ-ын ахлах мэргэжилтэн дэд хурандаа Г.Баярхүү нар болон БИЦУГ-ын бие бүрэлдэхүүн, тус газрын харьяа анги, байгууллагуудын удирдлагууд оролцов.
Хурандаа Ж.Өсөхбаяр "2022 онд Зэвсэгт хүчний Барилга-Инженерийн цэргийн удирдах газар, түүний харьяа ангиуд төлөвлөгөө зорилтын хүрээнд их бүтээн байгуулалтыг өрнүүлж, ололт амжилтаар дүүрэн ажилласан нь тайлант илтгэл болон бүтээн байгуулалтуудаас нь бэлхнээ харж болохуйц байна. Цаашид бие бүрэлдэхүүний хөдөлмөрийн аюулгүй байдал, сэтгэл зүйн хангалт, хандлага хариуцлагыг дээшлүүлж ажиллаарай. Та бүхний оролцож буй их бүтээн байгуулалт эх орны хөгжил цэцэглэлт, Зэвсэгт хүчний дараагийн зуун жилийн түүх юм шүү" хэмээсэн юм.
Энэ үеэр Барилга-Инженерийн цэргийн удирдах газрын харьяа ангиудын 2022 онд хийж хэрэгжүүлсэн онцлог ажлуудын зурагт тайлан, албандаа ашигладаг техник хэрэгслээр үзэсгэлэн дэлгэлээ.
"СОЁМБО" РЕДАКЦ