Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг батлан хамгаалах үндсэн чиг үүргээ нэр төртэй гүйцэтгэхийн зэрэгцээ дэлхийн энхийн үйлст бахдам амжилт гаргаж, улс орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулан их бүтээн байгуулалтад бахархам түүхийг бүтээж явна. Үүний нэгэн тод жишээ нь Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт шинээр ашиглалтад оруулах Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг барих тус үйлдвэрийг Сайншанд сумтай холбох 17,5 км замыг тавих ажлыг Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн амжилттай гүйцэтгэж байна. Энэхүү нэн хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй ажлыг гүйцэтгэж байгаа замын хээрийн ангийн үйл ажиллагаатай танилцахаар БХЯ-ны БХЗГ-ын дарга, хурандаа Х.Батсайхан, ТЗУГ-ын ахлах мэргэжилтэн, хурандаа О.Нямчулуун, Зэвсэгт хүчний ХЗЦ-ийн командлалын Хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Д.Энхсайханаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрөгч 7 хоногийн сүүлчээр Дорноговь аймгийг зорьсон юм. Ажлын хэсэгт Цэргийн төв эмнэлгийн эмч нар, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид багтсан бөгөөд бид цувааны хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөн үйлдсээр тогтоосон цагт хээрийн байрлалд очсон юм.
Тус ангийн хээрийн байрлалыг “Цэргийн албыг зохион байгуулах заавар”-ын дагуу тохижуулж, гэр, асар, майханд бие бүрэлдэхүүнийг байрлуулан штаб, тавиулангийн албыг дүрмийн дагуу зохион байгуулсан нь алсаас тод харагдах агаад нутгийн зон олон болоод төмөр замыг барих, эрчим хүчний шугамыг босгох ажилд оролцож байгаа бусад байгууллага, хамт олонд үлгэр жишээ үзүүлж байгааг төвөггүй мэдэрч болох аж.
Энэ үеэр ажлын хэсгийн ахлагчийг Зэвсэгт хүчний 7780 дугаар ангийн захирагч, хурандаа Т.Жаргалсайхан болон тус ангийн удирдлага угтан авч, өнгөрсөн 3 сар гаруйн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа илтгэсэн. Тайлангаас нь дүгнэхэд замын хээрийн ангийн бүтээлч хамт олон төр, засаг, цэргийн удирдлагаас хүлээлгэсэн үүргийг цаг алдалгүй, чанартай гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын хариуцлага, сахилга, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын ямар нэгэн зөрчилгүй ажилласан нь мэдрэгдэж билээ. Товчхон өгүүлэхэд, тус ангийн хамт олон нийт ажлын 50 гаруй хувийг, газар шорооны ажлын 70 хувийг нугалсны зэрэгцээ 20 гаруй усны сувгийн хоолойг байгуулах, замын даланг барих ажилд бүрэн дадлагажиж, туршлага хуримтлуулан цаашид эх орныхоо бүтээн байгуулалтад ихээхэн хувь нэмэр оруулах чадвартай болсон нь бахархууштай. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг ажлын явцтай танилцах үеэр тус ангийн захирагчаар томилогдож ажилласан хурандаа Т.Жаргалсайхан хэлсэн үгэндээ “Зэвсэгт хүчний хэд хэдэн ангиас эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу томилогдож ирсэн та бид нэг хамт олон болж төлөвшсөний зэрэгцээ эх орныхоо бүтээн байгуулалтад жинтэй хувь нэмэр оруулах эхлэлийг тавьсандаа туйлын их баяртай байна” гэж онцолсон.
Энэхүү тайланг хэлэлцүүлсний дараа замын хээрийн ангийн нийт бие бүрэлдэхүүнийг жагсааж, нэг бүрчлэн бүртгэсэн бөгөөд хувцасны үзлэгийг зохион байгуулсан юм. Энэ үеэр хээрийн байрлалын эмнэлгийн байранд Цэргийн төв эмнэлгээс томилогдсон арьс харшлын их эмч, ахлах дэслэгч Ё.Одончимэг, шүдний их эмч Н.Тэмүүлэн, эмэгтэйчүүдийн их эмч А.Сугар, зүрх, судасны их эмч Э.Сувдаа нар нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийг явуулж, зөвлөгөө өгсөн ба зарим шаардлагатай эм, ороох боох материалыг олгож байлаа. Тус ангийн эмнэлгийн байрыг шинээр батлагдсан “Цэргийн анги, байгууллагын эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагаа” стандарт (MNS 6655:2017)-ын дагуу дэлгэсэн бөгөөд анхан шатны баримт бичгийг зөв, бүрэн хөтөлсөн, оношилгоо, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайн, цаашид дараагийн зэрэглэлийн эмнэлэгт хүргэх өвчтөн байхгүй байгааг Цэргийн төв эмнэлгийн их эмч нар магтаж байсан нь олзуурхууштай.
Мөн ажлын хэсгийнхэн цэргийн алба хаагчдын 1, 2 дугаар хоолны амт чанар, хүртээмжид хяналт тавьж, нийт бие бүрэлдэхүүний хамтаар хооллосон агаад хээрийн нөхцөлд өдөрт 3 удаагийн 4 халуун хоолоор ая тухтай хангах үүргийг ар талын хангалт хариуцсан ажилтнууд, цэргийн гал тогооны бүтээлч хамт олон чадварлаг гүйцэтгэж байгаа нь ажиглагдаж, тэднээрээ бахархан суусансан.
Энэ өдрийн үдээс хойш Сайншанд сумын “Их говь” амралтын газрын соёлын өргөөнд ЦДБЭЧ-ын уран бүтээлчид урлагийн тоглолтоо үзүүлж үзэгчдээс өндөр үнэлэлт авлаа. Энэ үеэр үзэгчдийн суудалд БХЯ, Зэвсэгт хүчний ХЗЦ-ийн командлалаас томилогдсон ажлын хэсэг, замын хээрийн ангийн нийт бие бүрэлдэхүүн, хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл, амралтын газарт амарч байгаа амрагчид, тус нутгийн зарим иргэд тухалсан байв. ЦДБЭЧ-ын тоглолтод уран бүтээлчдийн бүжгийн үзүүлбэрүүд, найрал дуучдын болон гавьяат жүжигчин Ч.Баярмаа, СТА Б.Нарантунгалаг, Б.Амаржаргал, Н.Түвшинжаргал, Э.Мөнх-Оргил, Д.Лхамхүү, Г.Мөнхбат, Д.Бат-Орших, Г.Дөлбадрах нарын дуулсан цэрэг-эх орны сэдэвт дуунууд үзэгч түмний халуун алга ташилтаар мялаалгаж, XX зууны манлай дуу “Халуун элгэн нутаг”-ийг нийт үзэгчдийн хамтаар дуулсан нь бас л нэгийг бодогдуулсан.
Энэхүү тоглолтын дараа “Монгол Улсын төлөө зүтгэе!” шоу цэнгүүн болж, ЦДБЭЧ-ын уран бүтээлчид ая дуугаа өргөсний дээр замын хээрийн ангийн алба, нэгжүүдээс урлагийн мэндчилгээ дэвшүүлж, нийтийн цэнгээнт бүжгүүдийг бүжиглэснээр нэгэн үдшийг ая дуу, бүжиг цэнгүүн, инээд хөөр, дурсамж дүүрэн өнгөрүүлсэн юм. Тоглолтын үеэр үзэгчдийн сэтгэл ихэд хөдөлж байсны дотор хугацаат цэргийн алба хаагчид цэргийн дүрэмт хувцастай уран бүтээлч ах, эгч нарынхаа тоглолтыг нэн ойроос үзэж, сэтгэлийн таашаал хүртэж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ.
Дорноговь аймгийн Сайншанд сумын төв замыг Газрын тосны боловсруулах үйлдвэртэй холбох засмал замыг тавьж байгаа Зэвсэгт хүчний 7780 дугаар ангийн бие бүрэлдэхүүний ажлын явцтай танилцах үеэр зарим албан тушаалтнуудын сэтгэгдлийг сонсч, уншигч Танд хүргэж байна.
Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн зам, гүүрийн инженер, ахлах дэслэгч Б.БАЯРБАЯСГАЛАН:
-Би энэхүү бүтээн байгуулалтын үеэр талбайн ахлах инженерийн үүрэгт ажлыг гүйцэтгэж байна. Бид 6 дугаар сарын сүүлчээс эхлэн маш их ачаалалтай ажиллаж байгаа. Долоо, наймдугаар сард тус бүр 10 хоногийн хугацаатай ширүүн бороо ороогүйсэн бол бүр ч их ажлыг амжуулахаар байлаа. Манай хамт олон 17,5 км урттай зам тавих ажлын газар шорооны ажлын дийлэнх хувийг хийж гүйцэтгэсэн. Зам байгуулах ажил өөрөө маш чимхлүүр, нарийн тооцоотой, хатуу чанд хяналттай хийгддэг ажил. Бид далангийн дүүргэлтийнхээ ажлыг үндсэнд нь гүйцэтгээд байна. Манай хамт олон 2-3 шороон ордоос далангийн хайргыг олборлон 1-6 дугаар үеүдэд 2,5-9,3 км-ийн урттай далангийн ажлыг гүйцэтгэлээ. Бид ээлжийн журмаар үндсэндээ 24 цагаар ажиллаж, дийлэнх бүрэлдэхүүн 05.00 цагаас 22.00 цаг хүртэл их ачаалалтай ажиллаж байна. Энэ хугацаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, бие бүрэлдэхүүний амралт, хооллолтыг зөв менежментээр зохион байгуулснаар ажлын хийдэл, зөрчил гараагүй. Хамт олны идэвх сайн, бүтээн байгуулалтын ажлын ач холбогдлыг сайтар мэдэрч байгаа учраас ядрахыг умартан үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаадаа баяртай явдаг.
Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн автогрейдерчин, сургагч ахлагч О.ГАНГАНБААТАР:
-Би 1998 онд ЦИС-ийн харьяа Ахлагч бэлтгэх төвийг инженерийн дугуйт машины механик жолооч мэргэжлээр төгсч, тус ангийн сургалтын процесс хангах бүлэгт томилогдон дадлагын багш хүртэл дэвшин ажиллаж байна. Энэ хугацаанд 2010-2013 онд Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид томилогдож барилга-инженерийн ангийн түүхийг бичилцсэндээ баяртай явдаг. Бид Баянхонгор аймагт ангийн барилга, объектуудыг барих, сэргээн засварлах ажилд кранчин-жолоочийн үүргийг гүйцэтгэсэн. Мөн ангийн мэдлийн албан тушаалын 40 айлын орон сууц, аймгийн төвд усан оргилуур, Эрдэнэцогт суманд дурсгалын хөшөө болон уурын зуухны яндан босгох ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэснээрээ бахархдаг. Алба хаах хугацаандаа “Иракийн эрх чөлөө” олон улсын ажиллагаа болон Сьерра Леон улсад явагдсан энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын цэргийн багийн 1 дүгээр ээлжинд тус тус үүрэг гүйцэтгэсний зэрэгцээ Судан улсад үүрэг гүйцэтгэсэн 5 дугаар ээлжийн цэргийн багт томилогдож, туршлага хуримтлуулсан. Монгол бөхийн өргөөг барих, 1999-2008 онд хэд хэдэн удаагийн шилэн кабель суурилуулах ажилд оролцож байсан бол энэ удаа түүхэн үүрэг гүйцэтгэж байгаадаа талархаж явна. Өдөр бүр ахлах даргаас өгсөн үүргийг тогтоосон цагт ядрахыг умартан шахуу тооцоотой ажиллан биелүүлж байна. Инженерийн мэргэжил эзэмшсэнээрээ, цэргийн тангараг өргөснөөрөө бахархаж явдаг учраас итгэл хүлээлгэсэн бүхий л ажлыг чанартай гүйцэтгэх сэтгэл болоод чадвар бүрэн төгс байна. Мэргэжил нэгт нөхдийнхөө өмнөөс Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн удирдлага, хамт олондоо чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн эрүүл мэндийн төвийн дарга, ахлах дэслэгч Б.АЛТАНЧИМЭГ:
-Би тус замын хээрийн ангийн эмнэлгийн бүлгийн даргаар ажиллаж байна. Манай эмнэлгийн бүлэгт Цэргийн төв эмнэлгийн мэс заслын их эмч Ж.Очирхүү, Зэвсэгт хүчний 336, 340 дугаар ангийн сувилагч, дэд ахлагч Ч.Нарангэрэл, М.Олонбаяр, ЦТЭ-ийн жолооч С.Баярсайхан нар томилогдон үүрэг гүйцэтгэж байгаа. Манай бүлэг нийт бие бүрэлдэхүүний дунд хийх урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмолжуулж, эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээг давхардсан тоогоор 450 хүнд үзүүлсэн бөгөөд зарим тохиолдолд Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран цөөн тооны хүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохион байгуулж байна. Мөн хээрийн байрлалын орчны эрүүл ахуйн шаардлага, стандартыг чанд сахиулж, нийт бие бүрэлдэхүүнд зөвлөгөө өгөх ажлыг тогтмолжууллаа. Түүнчлэн удирдлагын бүлэг, замын рот, гүүр хоолойн хээрийн цэргийн гал тогооны үйл ажиллагаа, хүнс, хуурай хэрэглэлийн хадгалалт, хоол боловсруулах заалны цэвэрлэгээ, үйлчилгээ, хоолны амт чанар, боловсруулалт, ажиллагсдын хувийн ариун цэвэрт тогтмол хяналт тавин ажиллаж байна. Мөн цэргийн байр, халуун ус, эмнэлэг, угаалтуур, бие засах газруудад давхардсан тоогоор 80 гаруй удаа ариутгал, халдваргүйжилтийг зохион байгуулсан. Тогтоосон хугацаанд бие бүрэлдэхүүний цагаан хэрэглэлийг тогтмол солиулан гудас, хөнжлийг ариутгах ажлыг тогтмолжуулсан зэрэг олон бүтээлч ажлыг нэрлэж болно. Манай бүлэг хугацаат цэргийн алба хаагчдын эрүүл мэндэд онцгой анхаарч, урьдчилан сэргийлэх үзлэг, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, жингийн болон ил биеийн үзлэгийг тогтмолжуулсан нь үр дүнгээ өгсөн. Нийт бие бүрэлдэхүүний хувьд дулааны улиралд даралт ихсэх өвчин зонхилж байсан бол сэрүүний улирал эхлэхтэй зэрэг ханиад, томуу, хоолой өвдөх өвчин гарч байгаад анхаарлаа хандуулж байна.
Зэвсэгт хүчний Автотехникийн хяналтын албаны захиргааны хэрэг бүртгэгч, хошууч Ч.БАТБОЛД:
-Миний хувьд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах офицероор томилогдон ажиллаж байна. Анх үүрэг гүйцэтгэх газар оронд ирэх үеийн цэргийн цувааны хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажилласнаас эхлээд энд байх хугацаанд хөдөлгөөнд оролцож байгаа бүх техник хэрэгслийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Энд өдөр бүр 80 орчим техник хөдөлгөөнд оролцдог бөгөөд өглөө ажилд гарахын өмнө жолооч нарын эрүүл мэнд, техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, аюулгүйн зааварчилгаа өгөх, гарын үсэг зуруулж баталгаажуулах, хөдөлгөөн, ажил, үүрэг гүйцэтгэх явцад нь шалгах ажлыг тогтмолжуулснаар ямар нэгэн зөрчил гараагүй. Мөн согтуурал шалгах багажаар өдөр бүр хяналт тавьснаар зөвхөн жолооч нар төдийгүй, тус ангийн нэг ч албан тушаалтанд архи уух, амсах тохиолдол гараагүйг баттай нотолж чадна. Түүнчлэн нийт жолооч нарын жолооны эрхийг шалгаж, ангилалд нь үзлэг явуулж, 20 тонны даацтай ачааны автомашин жолоодуулж шалгалт авсан нь ач холбогдолтой болсон.
Ажилд гарч байгаа техникүүдийн дийлэнхийг ээлжийн жолооч нар ажиллуулдаг учраас эвдрэл, гэмтэл ихээр гардаг. Энэ үед засварын бүлэг шуурхай ажиллаж, ажил, үүрэг гүйцэтгэлтийн хэвийн ажиллагааг хангахад чухал үүрэгтэй оролцож байна. Мөн шөнийн нөхцөлд ачааны автомашин, индүүдэгч, усны машинууд тогтмол ажилладаг учир мөн ялгаагүй аюулгүй байдалд нь онцгой анхаарч байгаа нь үр дүнтэй болсон.
Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн тасгийн захирагч, ахлах тогооч, ахлах ахлагч Т.ДЭЛГЭРХҮҮ:
-Миний хувьд тус ангид 11 дэх жилдээ ажиллаж байна. Өдөрт 3 удаагийн галлагааг шингэн түлшээр галлаж, аюулгүй байдалд нь хяналт тавихад гол анхаарлаа хандуулдаг. Бид хээрийн нөхцөлд гэж ялгалгүйгээр тогтоосон илчлэгийн түвшинд, өдөрт 3 удаагийн 4 халуун хоолоор нийт бие бүрэлдэхүүнд үйлчилж байгаа. Нийт 12 ажилтан ээлжээр үүрэг гүйцэтгэж байна. Цэргийн хоол амт чанартай байх нь нормт хүнс, хуурай хэрэгслийн хангалт, нөгөө талаас тогооч нарын ур чадвар, сэтгэлээс ихээхэн шалтгаалдаг. Манай хамт олон сэтгэл гаргаж, ямар нэгэн зөрчилгүй, зэмлэл хүлээлгүй ажиллаж байгаадаа талархалтай ханддаг. Ангийн хангалт үйлчилгээ эрхэлсэн орлогч дарга, дэд хурандаа Д.Энхтайван болон бусад албан тушаалтнууд бидний өдөр тутмын үйл ажиллагааг сайн зохион байгуулснаар цэргийн хангалт үйлчилгээний чанар эрс дээшилсэн. Бидний дунд С.Туул, Э.Насанбаяр, Н.Бямбаа нарын олон жилийн туршлагатай тогооч нар бусдыгаа манлайлан ажиллаж байгаад баяр хүргэх нь зүйтэй. Бид цэргийн хээрийн гал тогооны бүхий л үйл ажиллагааг “Цэргийн албыг зохион байгуулах заавар”-ын дагуу зохион байгуулж, эрүүл ахуйн шаардлага, стандартыг чанд баримтлан ажилладаг. Чухамдаа цэргийн сэтгэл санааны байдал тэдний ходоодоор дамждаг гэсэн зарчмыг мөрдлөг болгон бид бүтээлчээр хөдөлмөрлөж, бие бүрэлдэхүүний ажил, үүргээ амжилт дүүрэн гүйцэтгэх боломж, нөхцлийг хангаж байгаадаа баяртай байна.
”Эвийн гэрээ” ХХК-ийн ерөнхий захирал Б.ЭНХТАЙВАН:
-Манай компани нь барилга угсралтын ажил, барилгын материалын үйлдвэрлэл, түүний дотор бетон зуурмаг, барилгын болон замын хайрга үйлдвэрлэж нийлүүлэх үндсэн үүрэг, чиглэлтэйгээр 21 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Бид энэхүү төслийн ажилд бетон зуурмаг нийлүүлэн дэмжлэг үзүүлж байна. Бид энэ оны 8 дугаар сараас эхлэн Сайншанд болон Газрын тос боловсруулах үйлдвэрийг холбосон авто болон төмөр замын ажилд бетон зуурмагийг чанарын түвшинд бэлтгэн нийлүүлж, улс орныхоо болон нутгийнхаа хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байна. Энэхүү бүтээн байгуулалт нь “зууны” гэж хэлж болох маш том бүтээн байгуулалт бөгөөд түүнийг Батлан хамгаалах салбарынхан нэр төртэй гүйцэтгэж байгаад туйлын баяртай байна. Энэ нь цаад утгаараа монголчууд өөрсдөө бүтээн байгуулалтаа хийж чаддаг гэдгийг иргэний нийгэмд болон гадаадын улс орнуудад таниулж байгаагаараа түүхэн ач холбогдолтой. Ер нь Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн цаашдын бүтээн байгуулалтад ч их хувь нэмрээ оруулах итгэл хүлээсэн хүмүүс болох нь иргэд бидэнд илүүтэй мэдрэгдлээ. Нутгийн иргэд сайхан хүлээн авсан, тэр итгэлийн гал улам бүр бадарч байна. Тэд богино хугацаанд их ажлыг нугалж байгаа нь сайшаалтай. Залуудаа Эрдэнэт хотын бүтээн байгуулалтыг дэргэдээс нь харж байсан бөгөөд түүнтэй дүйцэхүйц их бүтээн байгуулалт гэж үнэлж болохоор байна. Газрын тосны боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор улс орны эдийн засагт бодитой хувь нэмрээ оруулна. Нефтийн бүтээгдэхүүний хувьд гадны хараат байдлаас гарах, бүтээгдэхүүний үнэ өртөг буурах боломж бүрдэнэ гэдэгт итгэл төгс байна. Орон нутгийн иргэдийн хувьд ажлын байртай, орлоготой болж ахуй амьдрал нь дээшлэх эерэг талтай. Цаашид төрөлх нутаг Дорноговь болоод Сайншандын хөгжил, бүтээн байгуулалт сайжирна гэж харж байгаа. Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд иргэд маань байнга талархаж, тэдний бүтээлч үйл ажиллагааг дэмжиж явдгаа танай сониноор дамжуулан уламжилж байна.
Байлдагч Ж.ТҮВДЭНЖАРГАЛ /Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харъяат/:
-Би 2012 онд “Шавь цогцолбор” сургуулийг төгссөн, одоо 22 настай. Цэрэгт ирэхээсээ өмнө Төв аймгийн Заамар сумын нутагт уул уурхайн хувийн компанид буучин, харуул, туслах ажилтнаар ажилласан. Мөн өвөлд нь Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт аав, ээжийнхээ малыг хариулдаг байлаа. Цэргийн албанд ирснээр улс орныхоо бүтээн байгуулалтад оролцож, инженерийн мэргэжилтэй ах нараасаа олон зүйлийг сурч, нэгэн оны цэрэг эрстэйгээ хамт бүтээлчээр ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байна. Миний хувьд автогрейдерээр түрсэн шороон далангийн түвшинг гаргаж, механик жолоочид туслах үүргийг гүйцэтгэдэг. Мөн 1, 2, 3 дугаар үеийн шорооны өндрийн түвшинг гадастай чацуулах, индүүдэгч машиныг дагаж, хонхойсон хэсгийн нүхийг бөглөх, битүүлэх ажлыг гар аргаар гүйцэтгэж байна. Биднийг өдөр тутмын удирдлагаар хангаж, ажил хөдөлмөрт сургаж, байнга зөвлөж, зааварлаж байдаг рот, салааны захирагч, тоотын дарга нартаа баярласнаа илэрхийлье. Түүнчлэн ярилцлага өгч байгаа боломжийг ашиглан Архангай аймгийн Өгийнуур суманд амьдран суугаа аав Г.Жаргалсайхан, ээж Л.Оросоо болон ах, эгч, дүү нар, үе тэнгийн найзууддаа мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхан бүхний ерөөлийг өргөн дэвшүүлье.
ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД БИЕ ДААН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ БОЛОМЖТОЙ
Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгуулах Газрын тос боловсруулах үйлдвэрийн хүнд даацын авто замын барилгын ажлын явцын талаар БХЯ-ны БХЗГ-ын мэргэжилтэн, ахмад Т.ОНЦГОЙБАЯРТАЙ ярилцлаа.
Замын барилгын төслийн талаар ярилцлагаа эхлэе.
-Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 2, 21 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 9 дүгээр тогтоолыг үндэслэн “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-тай 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгуулах Газрын тос боловсруулах үйлдвэрийн хүнд даацын авто замын барилгын ажлын ерөнхий гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу төслийн бэлтгэл ажлыг хангаж, төслийн техник эдийн засгийн үндэслэл болон нарийвчилсан зураг төсөл боловсруулах гүйцэтгэгчийг холбогдох эрх зүйн хүрээнд сонгон шалгаруулж, “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-тай гэрээ байгуулан 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр техник эдийн засгийн үндэслэл болон нарийвчилсан зураг төслийг хүлээн авсан. Батлан хамгаалахын сайдын 2018 оны “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах тухай” А/179 дүгээр тушаалаар Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн тусгай зөвшөөрөл, инженерийн техник, тоног төхөөрөмж, бие бүрэлдэхүүнд түшиглэн Зэвсэгт хүчний зарим ангийн шаардлагатай мэргэжилтэн, техник, тоног төхөөрөмжийн шилжилт, хөдөлгөөнийг хийж авто замын барилгын ажлыг гүйцэтгэхээр шийдвэрлэж, ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 7780 дугаар ангийг байгуулан авто замын барилгын ажлыг эхлүүлсэн.
Тус авто зам нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгуулах Газрын тос боловсруулах үйлдвэр Сайншанд хот хүртэлх хатуу хучилттай, хүнд даацын 17,5 км авто зам юм. Хүнд даацын гэдэг нь бусад авто замаас цементээр бэхжүүлсэн 2 үе суурьтай гэдгээрээ онцлог юм.
БХЯ-наас томилогдсон ажлын хэсгээс хэрэгжүүлж байгаа зохион байгуулалтын ажлын талаар тодруулахгүй юу?
-Батлан хамгаалахын сайдын 2018 оны А/217 дугаар тушаалаар БХЯ, ЗХЖШ, Зэвсэгт хүчний ХЗЦ-ийн командлалын хамтарсан ажлын хэсгийг байгуулж, авто замын барилгын ажлыг гүйцэтгэх түр журмыг баталсан. Уг журмын дагуу БХЯ, ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний 7780 дугаар анги хамтран авто замын барилгын ажлыг эрчимжүүлэх бүхий л талын арга хэмжээг авч, шаардлагатай бүхий л төрлийн хангалтыг цаг алдалгүй холбогдох эрх зүйн хүрээнд 37 аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ хугацаанд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг, БХЗГ-ын дарга, хурандаа Х.Батсайхан болон бусад томилогдсон албан тушаалтнууд тухайн газар оронд хэд хэдэн удаа очиж, замын барилгын ажлын явцтай танилцсан ба удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг шуурхай хэрэгжүүлсэн.
Замын барилгын ажлын явц ямар түвшинд байна вэ?
-Авто замын барилгын ажлын гэрээ болон батлагдсан төлөвлөгөөгөөр 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дуусах ёстой. Гэвч бид хугацаанаас өмнө дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Одоогийн байдлаар далангийн ажил 50 хувьтай, гүүр хоолойн ажил 70 хувьтай байна. Асфальт, бетон хучилтын доор хийгдэх 2 үе цементээр бэхжүүлсэн хольцын үйлдвэр, асфальт, бетон завод, бутлуурын үйлдвэрийг газар орон дээр байгуулсан.
Хүн хүч, техникийн хувьд төслийг хэрэгжүүлэх боломж нээгдсэн гэж үзэж байна. Тэдний идэвх оролцоо ямар байна вэ?
-Зэвсэгт хүчнээс авто болон инженерийн техникээр хангаж, шаардлагатай зарим техникийг худалдан авалтаар шийдвэрлэж, зарим техникийг зах зээлээс түрээсээр авч ажиллуулж байна. Зэвсэгт хүчний 33 анги, байгууллагаас шаардлагатай мэргэжилтэн, ажиллах хүчээр ханган ажиллаж байна. Тус бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа бүхий л ажилтнууд өөрийн үндсэн цалингаас гадна нэмэлт цалин авна. Ажиллаж байгаа бие бүрэлдэхүүний идэвх, оролцоо маш сайн байгаа. Тэр дундаа хугацаат цэргийн алба хаагчид маш өндөр сэтгэгдэлтэй байгаа нь мэдрэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар Цэргийн төв эмнэлгийн их эмч нарын үзлэг, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын тоглолтыг газар орон дээр зохион байгуулаад ирсэн.
Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодотгоно уу?
-Бүтээн байгуулалтын ажлыг батлагдсан зураг төсөв, төлөвлөгөөний дагуу чанартай гүйцэтгэх талаар бүхий л талын арга хэмжээг авч ажиллаж байна.
Ач холбогдлын тухайд...?
-Энэхүү авто замын барилгын төсөлд анх удаа бие даан оролцсоноор цаашид техник болон боловсон хүчний хувьд томоохон бүтээн байгуулалтыг бие даан гүйцэтгэх дадлага, ур чадвартай болох юм.

