ДАЙЧИД АЙМГИЙН ТҮҮХЭН ДУРСГАЛТ ГАЗРААР АЯЛАВ
Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн 2022 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанаас бэлтгэлээр халагдах дайчдыг энэ сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн “Мазаалай парк” цэцэрлэгт хүрээлэн, Угсаатан зүйн музей болон бусад хөшөө, түүхэн дурсгалт газруудаар аялуулан аймаг, орон нутгийг танилцуулах, сурталчлах ажлыг зохион байгуулав.
ХАЛАГДАХ ЦЭРГИЙН ҮДЭШЛЭГ, ЦЭНГҮҮНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Тус анги бэлтгэлээр халагдах дайчдадаа зориулан “Халагдах цэргийн үдэшлэг” цэнгүүнийг хамтын ажиллагаатай байгууллага болох Баянхонгор аймгийн Политехникийн коллежтой хамтран зохион байгуулж, дуу, бүжиг, урлагийн тоглолт, хөгжөөнт тэмцээн, халуун дулаан уур амьсгал бүрдүүлсэн нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлсэн юм.
БЭЛТГЭЛЭЭР ХАЛАГДАХ ДАЙЧИД БАЙЛДААНЫ ТУГАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
Энэ сарын 14-ний өдөр хугацаат цэргийн албаа нэр төртэйгөөр хаасан түрүүч, байлдагч нар ангийнхаа Байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг зохион байгуулав. Энэ үеэр бэлтгэлээр халагдаж буй дайчдад дурсгалын зүйл, талархлын захидал болон өөрсдийнх нь цэргийн алба хаасан хугацааны дурсамж дүүрэн гэрэл зургуудыг дурсган хадгалуулж, бусдыгаа сурлага, хөдөлмөр. сахилга, спортоор манлайлан, албаа үлгэр жишээ хаасан дайчдыг “Онц сурлагатан”, “Онц буудагч”, “Тамирчин дайчин” тэмдгээр шагнаж урамшуулав.
Ангийн захирагч хурандаа Ц.Батхүү дайчдад хандаж хэлсэн үгэндээ “Энэ сайхан түүхэн үйл явдлын гэрч болон албаа нэр төртэйгөөр хаасан Та бүхнээр эх орон, ээж аав тань бахархаж байгаа гэдэгт итгэл дүүрэн байна. Зэвсэгт хүчинд өөрсдийн эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломж та бүхний өмнө хэзээд нээлттэй байх болно” хэмээн онцлон дурдсан юм.
ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБАНААС АХЛАГЧИЙН АЛБАНД ШИЛЖИН ТОМИЛОГДЛОО
Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн удирдлага Баянхонгор аймгийн Политехникийн коллежтой хамтран хугацаат цэргийн алба хаагчдыг алба хаах хугацаанд нь “Барилгын засал чимэглэлчин”, “Барилгын өрөг угсрагч” мэргэжлээр сургаж, нийт 40 хугацаат цэргийн алба хаагчийг төгсгөсөн ба тэдэнд мэргэжлийн үнэмлэх олгосон юм. Энэхүү барилгын өргөн мэргэжлээр суралцаж төгссөн дээрх дайчдаас 10 түрүүч, байлдагч өөрийн хүсэлтээр ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний ахлагчийн эгнээнд шилжин томилогдсон ба тэд төрөлх ангидаа эргэн ажиллах болсондоо баяртай байна.
Б.ПАГАМДУЛАМ