Урин дулаан цаг ирж улс орны хэмжээнд бүтээн байгуулалтын ажил ч өрнөөд эхэллээ. Үүнтэй уялдаад та бүхэн ч бас завгүй хөдөлмөрлөж байгаа байх. Ер нь бүтээн байгуулалтын ямар ажлуудад оролцож байгаа талаар яриагаа эхэлье ...
-Тийм ээ, улс орны хэмжээнд бүтээн байгуулалтын ажлууд өрнөж эхлээд байна. Манай хамт олны тухайд өнөө жил ангийн байрлал, аймаг орон нутаг, Зэвсэгт хүчний хэмжээнд бүтээн байгуулалтын хэд хэдэн ажлыг гүйцэтгэхээс гадна улс орны стратегийн томоохон бүтээн байгуулалт болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226,9 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцоно.
Тодруулбал, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 304 дүгээр тусгай ротын штабын барилгын болон 065 дугаар ангийн 090 дүгээр тусгай ротын барилгын дээврийг засварлах, Баян-Өлгий аймагт орон нутгийн төсвөөр 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг хийж дуусган ашиглалтад хүлээлгэж өгөх, ангийн үндсэн байрлалд ногоон хотхон, агропарк байгуулахаар төлөвлөсөн бөгөөд гуравдугаар сарын 1-ний өдрөөс зарим ажлаа эхлүүллээ.
Дээрх цэцэрлэгийн барилга 2021 онд баригдаж эхэлсэн. Бид энэ оны 6 дугаар сард хүлээлгэн өгөхөөр төлөвлөн үлдэгдэл барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Мөн Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын 8,55 километр далан барих, 2,85 километр ухмалын ажлыг гүйцэтгэхээр гуравдугаар сарын 1-ний өдрөөс ажлаа эхлээд явж байна.
Өмнөх жилүүдэд өрнүүлсэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад та бүхэн далайцтай оролцсон шүү дээ. Тэр ч чанараараа өнөө жил нэлээд дадлага, туршлагатай бүрэлдэхүүн ажиллаж байгаа байх ...
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам”-ын дагуу бид бүхэн өнгөрсөн 2019, 2020 онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 25,8 километр төмөр замын далан барих ажил, 32 цэгт үерийн ус зайлуулах хоолойн барилга угсралтын ажил, төмөр замын зөрлөгийн удирдлагын байр болон 14 айлын орон сууцны барилга, бетон зуурмагийн үйлдвэр, 56 километрт төмөр замын дээд бүтэц угсрах ажил, балласт тээвэрлэн хопер вагонд ачих, 4 цэгт төмөр замын хамгаалалтгүй гарам барих зэрэг ажлыг график төлөвлөөгөө, техникийн шаардлагын дагуу хийж гүйцэтгэн захиалагч байгууллагад хүлээлгэн өгсөн. Энэхүү томоохон бүтээн байгуулалтад оролцсоноор бид бүхэн чамлахааргүй дадлага, туршлагыг хуримтлуулсан. Одоо бид гурав дахь жилдээ төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцож байна. Өмнөх жилүүдэд олсон арвин туршлагадаа тулгуурлан, илүү туршлага хуримтлуулан ажиллаж байна манай хамт олон.
Танай ангийн 2022 онд дэвшүүлсэн гол зорилго, зорилтуудыг тодруулбал ...
-Бид Зэвсэгт хүчний Жанжин штаб, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын зорилго, зорилттой уялдуулан ангийн 2021-2022 оны үйл ажиллагаа, хийж гүйцэтгэх ажлын зорилго, зорилтоо тодорхойлон, түүнийхээ хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Ангийн үүрэг гүйцэтгэх онцлог, төрийн цэргийн харилцааг хангах төлөвлөгөө, бүтээн байгуулалтын ажил, арга хэмжээ, офицер, ахлагч нарыг энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах болон нийт алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг дэс дараалалтай авч хэрэгжүүлж байна. Онцолбол, ангийн бэлэн байдлыг хангах, цэргийн сургалт бэлтгэлийг бүтээн байгуулалтын ажилтай уялдуулан зохион байгуулах, хуулиар хүлээсэн үндсэн болон тайван цагийн гүйцэтгэх үүрэгт нь дадлагажуулах, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг техникийн шаардлагын дагуу хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх гэсэн гол зорилго чиглэлийг дэвшүүлэн ажлаа өрнүүлж байна.
Аливаа бүтээн байгуулалтын ажлаас гадна цэргийн сургалт, бэлтгэлийн бэлэн байдлыг дээшлүүлэх, чанаржуулах нь чухал асуудал шүү дээ. Энэ чиглэлээр танай ангид ямар ажлууд өрнөж байгаа вэ?
-Анги байгууллагын онцлогтой уялдуулан үндсэн болон хуулиар хүлээсэн үүргийн дагуу сургалт бэлтгэлийг 2021-2022 оны сургуулийн жилийн сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу нэг, хоёрдугаар үеэр зохион байгуулж байна. Сургуулийн жилийн нэгдүгээр үеийн сургалтыг 2021 оны 11 дүгээр сарын 1-нээс энэ оны 3 дугаар сарын 31-ний хооронд хүн нэг бүрийн бэлтгэл, салбарын жигдрэлт сургалтыг онол, дадлага, тактик жагсаалын хэлбэрээр зохион байгуулсан. Нэгдүгээр үеийн сургалтын төгсгөлд төлөвлөгөөний дагуу хээрийн гаралт, полигоны дадлага, байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг амжилттай зохион байгуулж төгсгөлийн шалгалтыг авч үр дүнг нь тооцсон. Бие бүрэлдэхүүний сургалтын чанар ч сайжирсан үзүүлэлттэй байна. Сургуулийн жилийн хоёрдугаар үеийн сургалтыг 5 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 1-ний хооронд хуулиар хүлээсэн үүрэг гүйцэтгэх бүлгүүдийн сургалт, хөгжүүлэх шатны сургалт болон бусад сургалтыг бүтээн байгуулалтын ажилтай уялдуулан дадлагын хэлбэрээр зохион байгуулж байна.
Тухайн орон нутгийн удирдлага болоод төрийн цэргийн бусад байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?
-Бид орон нутгийн удирдлага, төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдтэй хууль, эрх зүйн хүрээнд хамтран ажилладаг. Бидний хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоо жилээс жилд өргөжин тэлж байна. Манай ангийн хувьд аймаг орон нутгийн бүтээн байгуулалт, тохижилт, тусламжийн ажлуудад оролцох гэх мэт олон талаар дэмжлэг үзүүлдэг. Тухайлбал, өнгөрөгч онд л гэхэд Цэнгэл сумын Ховд голын зам засварын ажил, Толбо нуурын Найрамдлын хөшөөг шинээр барьж сэргээн засварлах ажлыг орон нутгийн удирдлагуудын хүсэлтийн дагуу хийж гүйцэтгэсэн. Үүний зэрэгцээ аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллах санамж бичиг, нэгдсэн эмнэлэг, хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд ч нэлээд ажил хийгдэж байгаа. Баян-Өлгий аймагт батлан хамгаалах салбарыг сурталчлах, хүүхэд залуучуудад эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагааг жил бүр зохион байгуулдаг.
Ангийн захирагчийн хувьд бие бүрэлдэхүүнийхээ нийгмийн асуудалд чиглэсэн ямар бодлого барин ажиллаж байна вэ? Орон нутгийн онцлогоос хамаараад цэргийн алба хаагчдын гэр бүлийн хүмүүсийн ажлын байр, хүүхдүүдийн цэцэрлэг, сургууль асуудал болдог юм шиг анзаарагддаг ...
-Тэгэлгүй яах вэ, мэдээж нийслэлээс 1700 километр зайд алслагдсан анги гэдэг утгаараа, дээрээс нь бидний үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн хувьд онцлогтой гэдэг чанараараа таны хэлсэнчлэн ажлын байр, хүүхдүүдийн цэцэрлэг, сургуультай холбоотой асуудал тулгардаг. Тиймээс бид офицер, ахлагч, ажилтан албан хаагчдынхаа гэр бүлийг ажлын байраар аль болох хангах, албан тушаалын орон сууцанд боломжоороо хамруулахыг хичээж, ангийнхаа боломж бололцоонд тулгуурлан хэрэгжүүлж байна. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тусгай чиг үүргийн 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгыг өөрсдийн хүн, техникийн хүчээр гүйцэтгэж байгаа. Энэхүү цэцэрлэг ашиглалтад орсноор цэргийн алба хаагчдын хүүхдүүд цэцэрлэгт бүрэн хамрагдах таатай нөхцөлийг бүрдүүлэх юм. Ер нь хүн аливааг өөрөө сэтгэлээ шингээн, хөлс хүчээ дуслуулан байж хийвэл тухайн зүйлээсээ урам зориг, эрч хүч авахаас гадна, цаашлаад эд хөрөнгөө хайрлаж хамгаалах сэтгэлгээ бий болдог шүү дээ. Тиймээс бид өөрсдийн нөөц боломждоо тулгуурлан бие бүрэлдэхүүнийхээ нийгмийн асуудлыг шийдэхэд, ая тухтай ажиллаж, амьдрах орчин нөхцөлөө дээшлүүлэхэд чиглэсэн ажлуудыг бага гэлтгүй аль болох өөрсдийн хүчээр өрнүүлдэг.
Хугацаат цэргийн алба хаагчдаа мэргэшүүлэх, тэднийг хөгжүүлэхэд чиглэсэн дорвитой ажлуудыг зохион байгуулдаг юм билээ. Энэ талаар тодруулна уу?
-Хугацаат цэргийн алба хаагчдад үндсэн сургалт, бэлтгэлийг эзэмшүүлэхээс гадна аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран бага мэргэжил эзэмшүүлэх, жолооны курсүүдтэй хамтран А болон B, C ангиллын жолооч бэлтгэх сургалтад хамруулдаг. Мөн бусад чиглэлээр суралцуулж мэргэшүүлэн бүтээн байгуулалтын ажлуудад өргөнөөр оролцуулж байна. Ингэснээр хугацаат цэргийн алба хаагчид цаашид цэргийн гэрээт албанд элсэх хүсэл эрмэлзэлтэй болж байна. Үүнээс гадна хугацаат цэргүүд маань бүтээн байгуулалтын ажилд оролцсоноороо, алба хаах хугацаандаа аливаа чиглэлээр бага мэргэжил эзэмшсэнээрээ асар их дадлага, туршлагыг хуримтлуулаад цэргээс халагддаг. Энэ нь хувь хүндээ ч маш их хэрэгтэй шүү дээ. Наад зах нь л өөрийн гэсэн барилга байгууламж, орон байртаа засвар тохижилт хийчих хэмжээнд бэлтгэгдчихэж байгаа юм. Ер нь нэг жилд 40-50 цэргийн алба хаагч бага мэргэжлийн үнэмлэхтэй халагддаг. Энэ ч чанараараа тухайн хүн өөрөө хүсвэл хаана ч мэргэжлээрээ ажиллах бүрэн боломжийг олгож байна гэсэн үг.
Ангийн хэмжээнд тулгамдсан, шийдвэрлэх шаардлагатай ямар асуудал байна вэ?
-Дээр хэлсэнчлэн анги маань хэдийгээр аймаг орон нутгийн төвдөө байрладаг боловч Улаанбаатар хотоос алслагдсан учир алба хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөлийг бодлогоор дэмжих зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Ангийн захирагчийн хувьд дүрэмд заасан үүрэг, удирдах дээд байгууллага болон удирдлагын тушаалыг биелүүлнэ, үүрэг даалгавраа өгнө. Бид нэг зорилгын төлөө хамтдаа ажиллаж, хамтдаа хөгжиж дэвшиж байна. Ангийн ихэнх бүрэлдэхүүн албан тушаалын байранд нэг дор амьдардаг тул бие биедээ хяналт тавих, анхаарал хандуулахад их хялбар байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөж байгаа шүү дээ. Батлан хамгаалах салбар ч энэ хөдөлгөөнд манлайлан оролцож байгаа. Тэгэхээр танай анги энэ хүрээнд хэрхэн ажиллаж байна вэ?
-Энэ бол маш оновчтой бөгөөд маш том ажил. Бидний хувьд энэ хүрээнд үе шаттайгаар 2000 мод тарихаар төлөвлөж байгаа. Үүнээс 600 модны суулгацыг бэлтгэн тариалахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Ярилцсанд баярлалаа. Танай хамт олонд ажлын их амжилтыг хүсье.
Хошууч Д.МЭНДБАЯР