• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ИХ ҮЙЛСИЙН ЭЗЭД ...
Нийтэлсэн: 2021-12-04
Үзсэн: 91

ИХ ҮЙЛСИЙН ЭЗЭД ...
Нийтэлсэн: 2021-12-04 Үзсэн: 91



      Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид эх орноо батлан хамгаалахаас гадна улсынхаа хөгжил, бүтээн байгуулалтад жинтэй хувь нэмрээ оруулж ирсэн түүхтэй. “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын дагуу Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд жил гаруй хугацаа өнгөрөөд байна. Энэхүү нэн чухал бөгөөд нэр хүндтэй ажилд Зэвсэгт хүчний алба хаагчид оролцож байгаа. Тэд төмөр замын доод бүтцийн буюу газар шороо, дөрвөлжин болон дугуй хоолой, гүүрний бүтээн байгуулалтад оролцохдоо өдөр, шөнө, цаг агаарыг үл харгалзан шаргуу хөдөлмөрлөснөөр гол ажлыг нь нугалж байна. Манай улсын эдийн засгийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэхэд тус бүтээн байгуулалтын ач холбогдол, үр нөлөө маш чухал юм.

      Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн технологич, чанарын инженер, дэслэгч З.Түвшинтөр энд ирэхээсээ өмнө нь “Халх гол-Шинэ сум” төслийн болон "Буянт ухаа-1, 2" зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажилд оролцсон туршлагатай нэгэн. Тэрээр залгуулаад төмөр замын бүтээн байгуулалтад оролцож байгаа талаараа “Ойрын жилүүдэд бүтээн байгуулалтын нөр их ажилд дайчлагдаж байна. Мэргэжил, туршлага, ур чадварын хувьд мэдэгдэхүйц ахиц гарсан. Цагаан цаас шахуу байсан надад үе үеийн ахмадууд мэддэг, чаддаг бүхнээ ажлын талбар дээр зааж зөвлөдөг байв. Одоо овоо гайгүй дөртэй боллоо. Илүү ихийг хийж бүтээнэ гэсэн хүсэл тэмүүлэлтэйгээр төмөр замын бүтээн байгуулалтын ажилд бие сэтгэлээ зориулна. Түүхэнд мөнхрөх их үйлсийн нэгээхэн хэсэг нь болно гэж бодохоор их урамшдаг, бас баярладаг” гэсэн юм.

    Тэрээр барилгын ажлыг зураг төслийн дагуу явуулах, үндсэн түүхий эд, ашиглагдаж буй материалын чанарын хяналтыг хариуцдаг. Үүнээс гадна барилгын материалын шинжилгээ, чанар, стандарттай холбоотой баримт бичгийг боловсруулах, удирдан зохион байгуулах зэрэг олон ажлыг хийж гүйцэтгэдгээрээ ихээхэн онцлогтой, чухал ач холбогдолтой мэргэжлийг сонгосон мэт санагдсан.

    Түүн шиг ажилдаа хорхойсож урамшсан олон залуус бий. Тухайлбал, Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн лабораторийн материал, чанарын инженер, ахлагч Б.Зоригтбаатар юм. Сонирхуулахад, тэрээр ҮБХИС-ийн Цэргийн инженерийн сургуулийг авто замын инженер мэргэжлээр төгссөн бөгөөд Зэвсэгт хүчний 110 дугаар ангид ротын ахлах замчнаар томилогдон ажлынхаа гарааг эхлүүлжээ. Будаг нь ханхалсан шинэхэн боловсон хүчинд маань удалгүй төмөр замын бүтээн байгуулалтад оролцох азтай завшаан тохиосон байна.

 

 

     Ахлагч Б.Зоригтбаатар “Хүн нэг бүр технологийн ажлаа сайтар мөрдөж байгаа. Лабораторийн ажил маань төлөвлөгөөний дагуу хэвийн явагдаж байна. Ул хөрснөөс дээж авч хяналтын лабораторидоо баталгаажуулдаг. Хөрсний бүрэн шинжилгээ хийгддэг гэсэн үг. Иж бүрэн лабораторитой гарч ирсэн учраас ажлын явцад тулгарах хүндрэл, бэрхшээл тохиолдсонгүй” гээд цаашид хувийнхаа болон хамт олныхоо ажлын бүтээмжийг улам нэмэгдүүлэх талаар төлөвлөгөө гарган мөрдөж ажиллана гэлээ.

      Мөн онцлох ёстой хүмүүсийн тоонд жолооч нар зүй ёсоор багтана. Та ч үүнтэй санал нийлэх байх. Тэд хаана ч, хэзээ ч дөрвөн дугуйтаараа саадгүй хүрч очдог, хат суусан хүмүүс гэхэд нэг их буруудахгүй. Энэхүү залгамж халаа өнөөдрийн Зэвсэгт хүчний төмөр замын бүтээн байгуулалтын талбарт ч бий. Жолооч нар маань энд өдөр, шөнийг үл харгалзан 24 цагаар хоёр ээлжээр үүрэг гүйцэтгэдэг.

 

 

    Тэдний нэг нь Б.Ганболд. Ажил, амьдралын туршлага их, насаараа хамгийн ахмад нь учраас залуус үе үехэн өмнүүр нь орж гүйгээд ажлыг нь хөнгөвчлөх гээд байдаг гэнэ. Тэрээр үүрэгт ажлаа өөрөө хийхийг эрмэлздэг бөгөөд бусдын гарыг хардаггүй. Түүний талаар залуус “Өмнүүр нь орж гүйгээд байдаг нь хүндэлж байгаагийн шинж, тэрнээс биш Ганболд ах маань хэдэн жолооч нартаа нэвтэрхий толь шиг хүн. Бид болохгүй зүйл гараад ирвэл түүнийг хайгаад л эрэл сурал болдог. Харин биднийг өөрийнхөө үүрэгт ажилд ойртуулдаггүй. Ажилдаа эзэн болсон хүн гэвэл түүнийг л хэлнэ” гэж ихэд сайшааж байв. Түүний үүрэгт ажил нь даланд ашиглагдах шороог тээвэрлэн заасан цэгт буулгаж, автогрейдрээр тэгшлэхэд бэлэн болгодог аж. Тухайн газрын онцлогоос хамаараад өдөртөө хэдэн ч удаа зөөж болно. Кабиндаа суугаад жолооч, харин кабинаасаа буугаад л засварчин болно. Техник хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж, эвдрэл, гэмтэл байгаа бол цаг тухайд нь шуурхай засаж, хөдөлгөөнд оролцуулахад бэлэн болгох зэргийг мөн л өөрөө хариуцна. Ер нь жолооч гэдэг нэрийн ард олон үүрэг хамт байдаг гэдгийг Б.Ганболдын ажлаас харж болно.

 

ЭХ ОРНОО ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛСЭД ХАМТДАА ЗҮТГЭЕ!

Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер, ахлах дэслэгч Х.Нандин-Эрдэнэ:

    -Би 2010 онд ШУТИС-ийг барилгын инженер мэргэжлээр төгссөн. Бага байхаасаа л барилгачин болохыг мөрөөддөг байсан. Яагаад гэвэл, аав маань нутаг усандаа “Өндөр ах” гэж хүндлэгдсэн, гарын ур дүйтэй мужаан бас мянгат малчин хүн байсан. 1981-1984 онд Хүндэт харуулын 032 дугаар ангид цэргийн алба хаасан. Аавынхаа ажилд тусалж, зурахыг нь зурж, тайрахыг нь тайрч өгдөг байсан минь энэ мэргэжил рүү хөтөлсөн гэж боддог. Анх барилгын цэргийн ангид ороод цэргийн хүмүүсийн өндөр сахилга баттай, дүрэм, журамтайг нь хараад бахархаж байлаа. Бүтээн байгуулалтад ажиллаж буй бидний хувьд анхаарал болгоомж, дадлага, туршлага, үүрэг хариуцлага маш чухал. Иймд бие бүрэлдэхүүндээ хандаж анхаарал болгоомжтой байж, хийж буй ажилдаа эзэн нь болж, эх орноо хөгжүүлэх үйлсэд хамтдаа зүтгэхийг уриалж байна. Аюулгүй ажиллагаа бол амжилтын үндэс юм.

 

ААВ, ЭЭЖДЭЭ БАЙШИН БАРЬЖ ӨГНӨ

Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн түрүүч Т.Бархас:

    -Би 2019 оны хоёрдугаар ээлжээр Зэвсэгт хүчний 338 дугаар ангид хугацаат цэргийн албанд татагдсан. Цэргийн албанд татагдахын өмнө тус ангид засал чимэглэлчнээр ажилладаг байсан болохоор цэргийн албаны талаар тодорхой мэдлэгтэй гэж өөрийгөө боддог байв. Одоо харин тэс өөр гэдгийг мэдэрч байна. Цэргийн тангараг өргөөд зогсож байхдаа өөрөөрөө, нөхдөөрөө бахархах сэтгэгдэл төрж байлаа. Гэхдээ бахархаад өнгөрөх биш тангарагтаа үнэнч байх нь чухал. Эх орныхоо өнцөг булан бүрээс цэргийн албанд ирсэн залуус нэг казармд байрлаж, бие биеэсээ суралцаж, бүдэрсэн нэгнээ бүснээс нь татаад босгох, цангасан нэгэнтэйгээ цайгаа хуваагаад уух, урагдсан хувцсаа оёх, гэр орон, байшиндаа засвар хийх зэрэг их зүйлийг сурч байна. Энэхүү бүтээн байгуулалтын ажилд оролцох боломж олгосон ангийн удирдлага, бие бүрэлдэхүүндээ баярласнаа илэрхийлье. Ийм боломж цэргийн алба хааж байгаа хэн бүхэнд олдоод байхгүй. Хийсэн, бүтээсэн ажлаа хараад сэтгэл нь хөдөлдөггүй хүн ховор байх. Тун удахгүй бүтээн байгуулалтаа хараад эрч хүч, урам зориг авна гэхээр сэтгэл өөдрөг байна. Цэргээс халагдаж очоод өөрийн хуримтлалаараа аав, ээждээ байшин барьж өгч ачийг нь хариулна.

 

ЗОХИЦУУЛАГЧИЙН ҮҮРЭГ ЧУХАЛ

    Бүтээн байгуулалтын талбарт цөөнгүй тооны Тээврийн цагдаагийн албаны зохицуулагч нар ажилладаг. Тэд тус бүтээн байгуулалтад оролцож буй техник хэрэгслүүдийг болон орон нутгийн тээврийн хэрэгслийг технологийн зам дээр хөдөлгөөнд оролцоход нь аюулгүй байдлыг нь хангуулах чиг үүрэгтэй. Энд үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн ахмад Б.Мягмарбат, ахлах дэслэгч С.Сэр-Од нар цэргийн алба хаагчидтай ажиллахад хялбар, сахилга баттай, өндөр зохион байгуулалттай, дүрэм, журмаа сайтар мөрддөг талаар онцолж байсан юм. Ахлах дэслэгч С.Сэр-Од өөрийгөө голдог ч гэлээ бичиж туурвих сонирхолтой. Тэрээр энд байх хугацаандаа шүлэг тэрлээд амжсан гэнэ. Тэрхүү шүлгээр нь энэ удаагийн сурвалжилгаа өндөрлөе.

 

 

ГАНГАН ГОВИЙН ДУНДУУР АЛТАН БҮС ШИГ ГАН ЗАМ

Ингэ нь ивлэж, ботго нь амрах

Ижийн сэтгэл шиг тэнэгэр говьд

Инженерийн ангийн хөдөлмөрчид

Ирээдүйн жаргал руу Монголыг хөтөлнө

Зэрэглээт говийн элсэн дундуур

Зэвсэгт хүчин цэрэглэн хөдөлж

Гартаа буу биш хүрз барьж

Ганган замыг дархлан урласан юм

Цэрэг эрсийн өргөсөн тангараг нь

Цэгцэрсэн жагсаалын сүр болсон юм

Ганцхан эх орны төлөө өргөсөн андгай нь

Галт тэрэг хөдлөх зүтгүүр болсон юм

Цэцэн бууны овооны оронд

Цэхийг харах дуран шагайж

Хүчит танкийн хүнгэнэх чимээг

Хүнд техникийн бүтээлээр сольсон юм

Хөгжил дэвшлийн бүтээл ундарч

Хөдөлгүүрийн дуу тасраагүй юм

Мятаршгүй хүчээр гагнасан замаар

Маргаашийн сайхан руу зүтгүүр хөдөлнө

 

Холбоотой мэдээ
ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-02-16 Үзсэн: 47669