Энэ сарын 16-ны өдөр Монгол Улсын ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийн ажиллагаа хариуцсан орлогч ноён Жан Пьер Лакруаг Монгол Улсад ажлын айлчлал хийж буйтай нь холбогдуулан хүндэтгэн хүлээн авч уулзлаа.
Уулзалтад ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба, ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Ч.Цогтжаргал, Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга хурандаа Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөх хурандаа Д.Ганхуяг, ЗХЖШ-ын Цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Ж.Молорболд, БХЯ-ны ГХАГ-ын ахлах мэргэжилтэн дэд хурандаа Ц.Энхцогт, Гадаад харилцааны яамны мэргэжилтэн Б.Билгүүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчийн туслах Алексис Бердиер, НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра нар оролцов.
Уулзалтын үеэр Монгол Улсын ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг хэлсэн үгэндээ “Эрхэмсэг ноён Жан Пьер Лакруа Таныг Монгол Улсад хүрэлцэн ирж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол Улсад тавтай морилно уу! Урин дулаан зун цаг ирж буй энэ үед манай улсад айлчилж, эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын хуралд оролцож байгаа Та бүхнийг хүлээн авч байгаадаа баяртай байна. Монгол Улс анх 2002 онд БНАКУ-д явагдаж байсан энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлснээс хойш эдүгээ 20 жил өнгөрч байгаа бөгөөд бид энэхүү ойг энэ жил өргөн хүрээнд тэмдэглэж байгаа юм. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд манай улсаас 14000 орчим (13572) цэргийн алба хаагч Конго, Баруун Сахар, Сьерра Леон, Этиоп Эритрей, Гүрж, Судан, Өмнөд Судан зэрэг орнуудад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн байна. Мөн Ирак, Афганистан, Косово зэрэг дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэн арвин туршлага хуримтлуулаад байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт 878 энхийг сахиулагчид НҮБ-ын мандаттай 5 ажиллагааны газар оронд үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний офицер, ахлагч нар бүх түвшний ажиллагааны штабт үүрэг гүйцэтгэж байна. Ялангуяа хоёр офицер /нэг нь эмэгтэй/ НҮБ-ын төв штабт таны удирдлагад амжилттай ажиллаж байгаад баяртай байна” гэдгийг онцолсон юм.
Тэр бээр цааш нь хэлэхдээ “Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй эмэгтэйчүүдийн тоог 2 дахин нэмэгдүүлэх зорилго бүхий НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2015 оны 2242 дугаар тогтоол болон НҮБ-ын Энхийн ажиллагааны газраас гаргасан “Мөрдөстэй алба хаагчдын жендэрийн харьцааг хангах стратеги-2018-2028”-ийг хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байгааг дуулгахад таатай байна” гэдгээ илэрхийллээ.
Хурандаа Б.ОТГОНБАЯР