• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Дэслэгч генерал Д.Ганзориг: МАНАЙ ЦЭРГҮҮДИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛТ ХОЁР УЛСЫН НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААГ УЛАМ БЭХЖҮҮЛЖ ЧАДЛАА
Нийтэлсэн: 2021-06-17 19:46:40
Үзсэн: 598

Дэслэгч генерал Д.Ганзориг: МАНАЙ ЦЭРГҮҮДИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛТ ХОЁР УЛСЫН НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААГ УЛАМ БЭХЖҮҮЛЖ ЧАДЛАА
Нийтэлсэн: 2021-06-17 19:46:40 Үзсэн: 598



Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багуудад хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ "Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Исламын Бүгд найрамдах Афганистан улсад явагдсан цэргийн ажиллагаануудад АНУ-тай хамтран үүрэг гүйцэтгэсэн цэрийн багуудад хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Монгол Улс болон АНУ-ын Батлан хамгаалах яам хооронд харилцан цэргийн атташе суулгаж эхэлсэн 1991 оноос хойш өнөөг хүртэл 30 жилийн хугацаанд хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа нь салбарын шинэчлэлд дэмжлэг үзүүлэх, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг сургах, Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавх, хүмүүнлэгийн болон инженерийн чадавхыг нэмэгдүүлэх зэрэгт чиглэгдэrж, харилцан туршлага солилцох, хамтран үүрэг гүйцэтгэх замаар дэлхийн халуун цэгүүдэд энх тайван, тогтвортой байдлыг бий болгоход өөрийн гэсэн хувь нэмрийг оруулаад байна.

Манай хоёр улсын Зэвсэгт хүчний цэргийн хамтын ажиллагаа нь талуудын нийтлэг эрх ашиг болох ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг дэлхий дахинд хамгаалах, хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутагт болон дэлхий дахинд цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад түүхэн үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглэхэд таатай байна.

2001 оны 9 дүгээр сарын 11-ний террорист халдлагын дараа АНУ тэргүүтэй эвслийн цэргийн хүчин Афганистан дахь Талибаны засаг захиргаа, Аль Кайда зэрэг олон улсын террорист бүлгийн үйл ажиллагааг таслан зогсоох зорилготой үйл ажиллагааг 2001 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор НҮБ-ын дүрмийн 7 дугаар бүлгийн хүрээнд энхийг хүчээр тогтоох мандаттай “Тогтвортой эрх чөлөө “ ажиллагааг эхлүүлсэн түүхтэй. Эвслийн цэргийн хүчний өмнөө тавьсан гол зорилго нь Афганистаны Үндэсний армийг байгуулж, бэхжүүлэх замаар тус улсын аюулгүй байдлыг тогтворжуулахад оршиж байсан юм.

Афганистан улс нь газар зүйн байрлалын хувьд Төв Азийн нутаг дэвсгэрт оршиж байгаа бөгөөд тус улсын аюулгүй байдал нь бүс нутагт, цаашилбал дэлхий нийтэд асар чухал нөлөө үзүүлэх нь хүн бүхэнд илэрхий байсан учраас бид Афганистан улсад явагдсан эвслийн гурван цэргийн ажиллагаанд цэргийн багуудаа илгээн үүрэг гүйцэтгүүлсэн түүхтэй.

Эдгээр ажиллагаанд оролцсон Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг бүр өөрийн гэсэн онцлогтой. Эр зоригт дайчдынхаа оролцсон багуудын онцлогийг өнөөдөр энэ индрээс онцлон хэлье.

Анхны цэргийн баг (2003 он) Афганистаны Үндэсний армийн артиллерийн мэргэжлийн бие бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, эвдрэлтэй байгаа их буунуудад засвар үйлчилгээ хийх үүрэгтэй байсан.

2009 оны 9 дүгээр сараас 130 хүний бүрэлдэхүүнтэй мотобуудлагын ротыг баазын аюулгүй байдлыг хангах үүрэгтэйгээр, 2010 оны 10 дугаар сараас эхлэн 6 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн багийн Афганистаны нисэх хүчний нисдэг тэрэгний техникийн мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх зорилгоор, 2011 оноос Бельгийн Вант Улсын бие бүрэлдэхүүнтэй 40-57 хүний бүрэлдэхүүнтэй хамгаалалтын салааг Кабул хотын олон улсын нисэх онгоцны буудалд байрлах Аюулгүй байдлыг хангах олон улсын хүчний нисэх буудлын нисэх зурвас, нисэх онгоц байрлах талбайн хамгаалалт, нисэх буудлын талбайн хүндэт зочид болон эмнэлгийн татан гаргалт болон түргэн байрлах хүчний үүрэг гүйцэтгэсэн.

Мөн 2015 оны 01 дүгээр сараас “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд 113 хүний бүрэлдэхүүнтэй мотобуудлагын ротыг "Шинэ Кабул" баазын хамгаалалтад дэмжлэг үзүүлэх зорилготойгоор илгээсэн.

Мөн тодорхой тооны офицерууд 2009 оноос 2011 онуудад Үндэсний ахлах төлөөлөгч, эвслийн цэргийн хойд бүсийн штабт штабын офицероор үүрэг гүйцэтгэсэн.

Эрхэм нөхдөө,

Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдсан НАТО-гийн цэргийн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн сүүлийн цэргийн хамгаалалтын ротын бие бүрэлдэхүүн эх орондоо ирээд удаагүй байгаа энэ мөчид бид бүхэн Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Афганистан улсад явагдсан 3 ажиллагаанд 6 хэлбэрээр үүрэг гүйцэтгэсэн 52 ээлжийн цэргийн багуудын нийт 3378 цэргийн алба хаагчдад хүндэтгэл үзүүлэхээр хуран цуглараад байна.

2001 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн халдлагаас хойш террорист халдлагад дэлхийн 100 гаруй улс их, бага хэмжээгээр өртөөд байна. Афганистан улсад орогнож байсан террорист байгууллагууд дэлхий нийтэд хүчээ авч, Ирак, Сири, Египет, Ойрхи Дорнод, Хойд Африк, Европын холбоо, Америк тив, Өмнөд Ази, Зүүн Өмнөд Ази, Төв Ази руу чиглэсэн.

Эдгээрээс Африк тивд орших ТАБНУ, БНАКУ (М23-ийн хөдөлгөөн), Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур муж (жанжавид), Нигери (Боко Харам), Мали, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс зэрэг олон улсыг хамарч тухайн улсын Засгийн газар, Засгийн эсрэг хүчин, бусад зэвсэгт бүлэглэлүүдийн дэмжлэгийг ихээр авч байгаа нь дэлхий нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөө үзүүлж байна.

Тухайлбал, 2013-2015 оны хугацаанд террорист бүлэглэлийн тархац эрчимтэй явагдаж, Африк тивд явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй НҮБ-ын цэнхэр дуулгатан энхийг сахиулагч нарын эсрэг халдан довтолсон хэрэг нэлээдгүй гарсан. Энэ нь дэлхий нийтийн анхаарлыг Афганистан дахь Аль Кайда бүлэглэл, түүний сүлжээ бүлэглэлүүдийн хамрах хүрээ, ажиллагааны нууцлал, хоорондын сүлжээ, цаашилбал уламжлалт бус аюул заналхийлэл, аюулгүй байдлын орчны эрс өөрчлөлтөд байнга анхаарал хандуулах зүй ёсны шаардлага бий болоод байна.

Зэвсэгт хүчин аюулгүй өөрчлөлтөд байнга анхаарч, цэргийн алба хаагчдын мэдлэг, дадлага, чадварыг нэмэгдүүлэхэд байнга анхаар ч ажиллаж байна.

Үүний нэг тод илрэл 2003 оноос хойш зохион байгуулж байгаа “Хааны эрэлд” олон улсын энхийг сахиулах ажиллагааны сургалт дадлага билээ. Энэхүү сургалт, дадлага нь 2003-2006 он хүртэл хоёр талын сургалт, дадлага байсан бол 2006 оноос олон улсын энхийг сахиулах ажиллагааны сургууль болон өргөжсөн юм.

Даян дэлхийн энх тайвны үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулсан сургалт, дадлага болон өргөжсөн энэхүү олон улсын сургууль энэ онд ч мөн зохион байгуулагдахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа Монгол Улсад улс төр, эдийн засгийн хувьд ч өөрийн эерэг тусгалыг олж байгааг энэ арга хэмжээний үеэр дурдахад таатай байна.

Төгсгөлд нь АНУ-ын Засгийн газар, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний удирдлагад манай Зэвсэгт хүчний цэргийн багууд, цэргийн алба хаагчдыг Афганистан дахь ажиллагааны газар оронд байнга дэмжин тусалж, ажиллагааны өмнөх бэлтгэлд анхаарал тавин ажиллаж, бидний үүргээ амжилттай гүйцэтгэх бүх талын нөхцөл, боломжийг бүрдүүлж өгсөн явдалд дахин талархаж, цаашид бидний хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлье.

Монгол цэргийг мөнх тэнгэр нь байнга ивээж, хийморь сүлд нь үеийн үед мандан бадрах болтугай" гэсэн юм.

Холбоотой мэдээ
БНТУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Нийтэлсэн: 2022-11-28 18:06:58 Үзсэн: 256