
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хуурай замын цэргийн атташе, ахлах хурандаа Яан Сюнийн Монгол Улсад ажиллах үүрэгт хугацаа дуусаж, нутаг буцах гэж байгаатай холбогдуулан түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Эрхэм ахлах хурандаа Та Монгол хэлийг их сайн сурсан байна. Хэзээ сурав?
-1989-1992 онд Монгол Улсын Их сургуулийн Монгол хэлний ангид суралцаж төгссөн. Миний анхны сурсан монгол үг нь “Нийслэл хот Улаанбаатараас ярьж байна” юм. Радиогоор сонссоор байгаад чихэнд хоногшиж, дагаж хэлж сурсан.
-Та “Монгол Улс миний сэтгэлд эх орон шиг минь дотно болжээ” гэж ЗХЖШ-ын даргатай уулзахдаа онцолж байсан. Энэ тухайгаа хуучлаач?
-Тийм ээ. 1989 онд МУИС-д суралцсан тэр цаг үеэс Монгол Улстай миний ажил, амьдрал холбогдсон гэж хэлж болно. 30 гаруй жил эрх орон шигээ хайрлаж, ард түмэн, цэргийн алба хаагчдадаа дэндүү дассан байна. Миний хувьд хоёр орны цэргийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, өргөжүүлэхэд өөрийн бага ч гэсэн хувь нэмрээ оруулсанд маш их талархаж байгаа. Анх томилогдон ажиллаж байх үеийнхээ Монгол Улсын Зэвсэгт хүчнийг өнөөдрийн түвшинтэй нь харьцуулахад асар их өөрчлөгдсөн. Өнгө төрх, хөгжил цэцэглэлт, боловсролын байдал, үүрэг гүйцэтгэлтээрээ Монгол Улсын Зэвсэгт хүчин үнэхээр сайхан гэрэлтэж байна. Хөгжил, шинэчлэлийн их сайхан ирээдүй хүлээж байгаа байх аа.
-Та Монгол Улсад гурван удаа томилогдож ажилласан гэсэн ...
-1995-1998, 2002-2007, 2015 оноос өдгөөг хүртэл томилогдон ажиллалаа. Энэ хугацаанд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны цэргийн атташегийн нарийн бичгийн дарга, цэргийн атташегийн орлогч, хуурай замын цэргийн атташе хүртэл дэвшин ажилласан. Монголчуудын зан заншил, тэмдэглэлт ой, баяр нь миний гэр бүлийн баяр болтлоо л ууссан даа. Одоо эргээд явна гэхээр хоргодох мэдрэмж төрж байна шүү.
-Таны цаашдын албанд өндөр амжилт хүсье...
-Баярлалаа. Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүндээ орчин цагийн Зэвсэгт хүчний түүхт 100 жилийн ойн баярын мэнд хүргэе. Та бүхэнтэйгээ хамтран ажиллахад ихэд урамтай байсан. Дахин уулзахын ерөөл өргөе.
Ахлах дэслэгч Д.БОЛОР