Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг өнөөдөр ХБНГУ-ын Уулын явган цэргийн 23 дугаар бригадын Сургалтын хөдөлгөөнт бүлгийн дарга, дэд хурандаа Ё.Швеглер нарыг хүлээн авч, уулзлаа. Уулзалтаар талууд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Уулын явган цэргийн сургалт”-ын талаар хөндөн ярилцаж, энэ жилийн сургалт, дадлагын онцлог, явагдах цаг хугацаа, хамрагдах бүрэлдэхүүний талаар санал солилцлоо. Дэд хурандаа Ё.Швеглер “Эрхэм дотнын нөхөд болсон Монгол Улсын цэргийн алба хаагчдаа түүхт 100 жилийнх нь ойн баярын мэнд хүргэе. Бидний 2019, 2020 онуудад удирдан явуулсан “Уулын явган цэргийн анхан шатны болон дунд шатны сургалт” нь үр дүнтэй байж, ууланд авирах, буухаас эхлээд уулархаг газар районд байлдааны ажиллагаа явуулах чадварт суралцсан. Бид дараа дараагийн сургалт дадлагуудыг хамтран явуулснаар Монгол Улсын Зэвсэгт хүчний уулын явган цэргийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна” хэмээн уулзалтын үеэр онцолж байсан юм.
Бригадын генерал С.Дашзэвэг “Монгол Улс, ХБНГУ-ын хооронд цэргийн дипломат харилцааны түүх шинэ агуулгаар баяжиж, батлан хамгаалах хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж байгаагийн нэгэн илэрхийлэл нь Зэвсэгт хүчний хамтарсан уулын явган цэргийн сургалт билээ” хэмээгээд Зэвсэгт хүчний 331 дүгээр ангид түшиглэн явагддаг энэхүү сургалт, дадлагын талаар санал солилцлоо.

Мөн энэ өдөр Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч, бригадын генерал Б.Баатар ХБНГУ-ын Уулын явган цэргийн 23 дугаар бригадын Сургалтын хөдөлгөөнт бүлгийн дарга,дэд хурандаа Ё.Швеглерийг хүлээн авч уулзаж, хоёр улсын хамтарсан сургалт дадлагын талаар ярилцсан юм.
Монгол Улсын Зэвсэгт хүчин, ХБНГУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Уулын явган цэргийн дунд шатны сургалт” нь өнгөрсөн онд “Уулын явган цэргийн тактикийн ажиллагаа-буудлага”, “Тактикийн ажиллагаа-хадан авиралт” сэдвийн хүрээнд явагдсан юм.