ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Цэрэг, агаарын атташе, хурандаа Павел Григорьевич Анисов:
Эрхэм анд нөхөд өө!
Манай орнуудын хувьд 2021 он тэмдэглэлт жил юм. 3 дугаар сард бид Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэж байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчний түүхэнд 1939 оны Халхын голын байлдаан, Дэлхийн хоёрдугаар дайн, 1945 оны 8 дугаар сарын Манжуурын стратегийн давшилтын операцад байгуулсан ялалтыг бахархан тэмдэглэдэг. Зөвлөлт, Монголын цэргүүдийн аугаа эрч хүч, эр зориг, баатарлаг үйлс, офицерууд, командлагчдын ур чадвараар Квантуны армийн нэгтгэл, ангиудыг бут цохиж Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хадгалж чадсан билээ. Монгол Улс түүхэн сургамжийг ямагт санаж бидний эцэг өвгөдийн хамтын гавьяаг хүндэтгэдэг.
Монгол Улсын Зэвсэгт хүчний бүтээн байгуулалт нь Зөвлөлтийн Армийн хөгжилтэй нягт уялдаатай хөгжиж ирсэн бөгөөд ЗХУ-ын цэргийн шат шатны сургуулиудад боловсрол, мэргэжил эзэмшсэн Монголын цэргийн алба хаагчид Монгол Улсын Зэвсэгт хүчний гол цөм нь болж, өөрсдийн мэдлэг туршлагаараа цаашдын хөгжлийн бат бэх суурийг тавьсан юм. Хамтын ажиллагааны нийт хугацаанд ОХУ-ын Батлан хамгаалах яамны цэргийн сургуулиудад Монголын 6247 цэргийн алба хаагч сурч бэлтгэгджээ.
Монголын цэргийн алба хаагчид өнөөдөр Монголын төрт улс, цэргийнхээ түүх, уламжлалыг хүндэтгэн дээдэлж түүндээ үнэнчээр зүтгэж байна.
Монголын цэргийн алба хаагчдын мэргэжлийн өндөр бэлтгэл, сэтгэлийн их хүч, ур чадвар нь олон улсын энхийг сахиулах ажиллагаанд түүний олсон нэр хүнд, Орос-Монголын болон олон улсын хамтарсан сургуулиуд, Олон улсын цэргийн наадамд оролцсон амжилтуудаас тод харагдаж, түүний оролцоо жилээс жилд нэмэгдсээр байна.
Монголын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Москвагийн Улаан талбайд болсон Ялалтын баярын цэргийн ёслолын жагсаалд нэг бус удаа оролцсон билээ. Монголын цэргийн алба хаагчид эцэг өвгөд нь Зөвлөлтийн цэрэгтэй мөр зэрэгцэн явсны адилаар 2020 онд Москвагийн Улаан талбайд Аугаа их Эх орны дайнд Зөвлөлтийн ард түмний байгуулсан ялалт, Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 75 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан ёслолын жагсаалд Оросын Зэвсэгт хүчний офицер, цэргүүдтэй хамт ёслол төгөлдөр алхсан юм.
Монголын Зэвсэгт хүчний ахмад дайчид, нийт бие бүрэлдэхүүнд Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг дахин хүргэж, эрүүл энх, сэтгэлийн хат, цэргийн хэрэгт нь их амжилт, аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Эх сурвалж "Соёмбо" сонин