ИБНАУ-д явагдаж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний дэд хурандаа Э.Амартүвшин цэргийн хамгаалалтын ротын захирагчтай XIII ээлжийн цэргийн багийн үйл ажиллагаатай ХБНГУ-ын Хүчлэн хамгаалалтын батальоны захирагч, дэд хурандаа М.Гройне танилцлаа. Тэрээр цэргийн багийн сургалт дадлага, цэргийн алба хаагчдын дадлагажсан байдал, өгөгдсөн цагийн байдалд үүргээ хэрхэн гүйцэтгэж байгааг үзэж сонирхоод монгол цэргүүд сургалт бэлтгэл, бэлэн байдлаараа үргэлж тэргүүлэгч байдгийг онцлон тэмдэглэсэн юм.
Мөн цэргийн баг нь үндсэн үүргээсээ гадна эх орон, Зэвсэгт хүчин, нэгтгэл, анги, салбараа сурталчлах болон соёл хүмүүжлийн бусад ажлыг зохион байгуулж байна. Өнгөрсөн амралтын өдөр гэхэд тэргүүний авьяастан хамт олон шалгаруулах урлагийн үзлэгийг явуулж, төлөвлөгөө ёсоор Зэвсэгт хүчний 065, 325, 353 дугаар ангиудыг нэгэндээ сурталчилж, спортын зарим төрлөөр аваргуудаа тодрууллаа. Дээрх арга хэмжээнүүдийг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион явуулсан юм.
Ахлах дэслэгч П.ОТГОНБААТАР