• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МОНГОЛ УЛСЫН 22 ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ ЖЕНДЭРИЙН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Нийтэлсэн: 2024-12-03 09:39:38
Үзсэн: 323

МОНГОЛ УЛСЫН 22 ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ ЖЕНДЭРИЙН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Нийтэлсэн: 2024-12-03 09:39:38 Үзсэн: 323



     Монгол Улсын Зэвсэгт хүчин, Европын холбоо хамтарсан “Жендэрийн тэгш байдлын элч-Монголын энхийг сахиулагчид” төслийн хоёрдугаар шат Бүгд Найрамдах Словени Улсад амжилттай хэрэгжлээ. Европын холбооны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Зэвсэгт хүчний 22 цэргийн алба хаагч Бүгд Найрамдах Словени Улсад жендэрийн чиглэлээр мэргэшүүлэх сургалтад 11 дүгээр сарын 18-28-ны өдрүүдэд хамрагдаж, батламжаа гардан авлаа.

    Энэхүү сургалт нь Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчдад НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх үед жендэрийн тэгш байдлыг хэрхэн хангаж ажиллах, Зэвсэгт хүчиндээ төдийгүй эх орондоо жендэрийн тэгш байдлын давуу тал, хүндрэл бэрхшээл, түүнийг даван туулах арга замууд, тэгш байдлыг хангахад манлайлал үзүүлэх талаар мэдлэг олгоход чиглэсэн юм.

     Сургалтыг НҮБ болон жендэрийн асуудлаар мэргэшсэн Австри, Австрали, ХБНГУ, Итали, Словени Улсын генерал, офицер, хүний эрхийн зүтгэлтнүүд, эрдэмтэн багш нар удирдан явуулав. Тэд жендэрийн тухай үндсэн ойлголтоос эхлэн жендэрийн тэгш байдал, ялгаварлан гадуурхалт, хууль эрх зүй, жендэрийн мэдрэмжтэй бодлогын хэрэгжилт, үнэлгээний талаар нарийвчилсан мэдлэг, арга зүй олгож, олон улсын жишиг болсон туршлагуудыг хуваалцсан нь суралцагч нарын талархлыг хүлээсэн юм.

    Үүний сацуу жендэрийн тэгш байдлыг хангах сургалтыг хэрхэн яаж зохион байгуулах арга зүйг онол, дадлагаар хослуулж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны үед болон Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүндээ сургалт явуулахад анхаарах зүйлийг бүлгийн ажлаар дамжуулан системтэйгээр мэргэшүүлж сургалаа.

     Суралцагч нарт батламж гардуулах ёслолд Словени Улсын Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яамны удирдлагууд болон сургалтыг удирдан зохион байгуулсан Энхийг дэмжих төвийн сургалтын төвийнхөн, Словени Улсын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцсон юм.

    Словени Улсын Энхийг дэмжих сургалтын төвийн зохицуулагч Само Селимович монгол цэргүүдтэй хамтран ажиллахдаа хэзээд таатай байдаг, идэвх чармайлалт, үүрэг гүйцэтгэх чадвар, сахилга бат нь бидний гайхширлыг төрүүлдэг гэж онцлоод өнгөрсөн 3 дугаар сард “Энхийг дэмжих ажиллагаанд жендэрийн тэгш байдлыг хангах нь” сургалтыг мөн хамтран зохион байгуулсныг цохон тэмдэглэв. Тэрээр Монгол Улс, Европын холбоо хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд “Жендэрийн тэгш байдлын элч-Монголын энхийг сахиулагчид" төслийг амжилттай хэрэгжүүлж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түүхийн нэгэн шинэ хуудсыг хамтдаа нээж буйг онцлов.

     Сургалтад хамрагдсан Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчдын бүлгийн дарга дэд хурандаа Ө.Баярбадрах Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд төрийн айлчлал хийсэн билээ. Айлчлалын үеэр “Монгол, Словенийн Хамтарсан тунхаглал”-т гарын үсэг зурж, энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, жендерийн тэгш байдлыг хангах сургалтыг зохион байгуулахаар тохиролцсоны дагуу “Жендэрийн тэгш байдлын элч-Монголын энхийг сахиулагчид” төслийг өнгөрсөн аравдугаар сард эхлүүлж, энэ цаг үед хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс, ардчиллын үнэт зүйлд тулгуурлан хөгжиж байгаа Словени Улсад хэрэгжиж байгаа явдалд баяртай байна. Словени Улс хүний эрхийн асуудалд онцгой ач холбогдол өгдөг. Эмэгтэйчүүдийн эрхийг хангах асуудлыг олон улсын талбарт амжилттай хэрэгжүүлж, тэр дундаа Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчдыг жендэрийн чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамруулсан явдалд дахин талархал илэрхийлье гэлээ.

    Сургалтад Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлал, Кибер, аюулгүй байдлын цэргийн командлал, Үндэсний Батлан хамгаалах Их сургууль, Цэргийн төв эмнэлэг, Батлан хамгаалах яамны “Соёмбо” редакц болон Монгол Улсын баруун, зүүн, төвийн бүсийн Зэвсэгт хүчний 10 ангийн 19 офицер, 3 ахлагч хамрагдлаа. Сургалтын явцад монгол цэргүүд Словени Улсын агаарын цэрэгт ашиглагдаж буй шинэ зэвсэглэл техник, холбооны хэрэгсэлтэй мөн танилцсан юм.

 

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74671
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50446