Батлан хамгаалахын удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт эхэллээ. Энэ удаагийн цугларалтыг “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх ба Зэвсэгт хүчний бэлэн байдал” сэдвээр зохион байгуулж байна. Цугларалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт Хүчний Ерөнхий Командлагч У.Хүрэлсүх оролцож Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өглөө.
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх цугларалтад оролцогчдод хандаж үг хэлэхдээ, “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг батлан хамгаалах болон гамшигтай тэмцэх тогтолцоонд тулгуурлан боловсруулж дуусгахыг үүрэг болголоо. Мөн 2025 оныг “Ахлах офицер”-ын жил болгон зарлаж, офицер бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгох, цол, албан тушаалын нэр хүндийг дээшлүүлэх, өндөр боловсрол, туршлагатай ахлах офицеруудыг аюулгүй байдал, батлан хамгаалах болон нийгмийн бусад салбарт ажиллуулахад анхаарахыг даалгалаа.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт хэлсэн үгэндээ дэлхийн геостратеги, геополитикийн нөхцөл байдал ээдрээтэй болж буй энэ цаг үед Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын стратегийг “урьтаж мэдээд, тосож бэлдэн, тэсэж үлдэх, түргэн сэргэх” гэсэн үндсэн үзэл санаанд тулгуурлан боловсруулахыг зорьж байгаагаа онцлоод энэхүү үзэл санааны амин сүнс нь үндэсний эв нэгдэл, хүн бүр эх оронч байх явдал хэмээсэн юм.
Батлан хамгаалах салбар 2025 оныг "Эх оронч-Монгол Их сэргэлтийн жил" болгон зарласан. Энэ хүрээнд "Батлан хамгаалах тогтолцоонд сэргэлт хийж, эх оронч үзэлд суурилсан хүн төвтэй бодлого хэрэгжүүлж, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлнэ" гэсэн зорилго дэвшүүлээд байгаа юм.