Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн нээлт боллоо. Нээлтийн ажиллагаанд ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын удирдлагууд биечлэн, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагын захирагч дарга, бие бүрэлдэхүүний төлөөлөл цахимаар оролцлоо.
ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба сургуулийн жилийг нээж хэлсэн үгэндээ "Монгол Улсын Зэвсэгт хүчин гаднын зэвсэгт түрэмгийллээс өөрийгөө хамгаалах үүрэгтэй. Энэ үүрэг бидний сургалт, бэлтгэлтэй нягт уялдаа холбоотой. Тиймээс бид сургалт, бэлтгэлээ улам чамбайруулж бэхжүүлэх, сургалтын тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр тодорхой ажил арга хэмжээг авч хэрэгжүүлж буй энэ цаг дор шинэ сургуулийн жилийн нээлтийг хийж байна.
ЗХЖШ-аас Монгол Улсын батлан хамгаалах бодлого, "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, төрийн цэргийн байгууллагуудыг хөгжүүлэх хөтөлбөр, Зэвсэгт хүчний байгуулалтыг хөгжүүлэх урт, дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөнүүдэд Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх, сургалт, бэлтгэлийг чамбайруулах, бие бүрэлдэхүүний нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр тодорхой зорилго, зорилтуудыг тусгаж хэрэгжилтийг нь шат дараатайгаар хангаж байна.
Цэргийн сургалт, бэлтгэлийн агуулга, менежментийг сайжруулах, олон улсын туршлага, сургамжийг нэвтрүүлэх, техник, технологийн дэвшлийг ашиглах, алба хаагчдынхаа сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, бүтээлч сэтгэлгээг дээшлүүлэх хэрэгцээ шаардлага бидний өмнө тулгарч байгааг дурдах нь зүйтэй. Өнгөрсөн сургуулийн жилд бид Зэвсэгт хүчний сургалт, бэлтгэлийн нэгдсэн болон дэд тогтолцоог төгөлдөржүүлж, төрлийн цэргийн сургалт, бэлтгэлийн уялдаа холбоог хангах замаар мэргэжлийн цэргийн үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх зорилгыг дэвшүүлсэн. Тус зорилгыг бид хамтын хүчин чармайлтаар тодорхой түвшинд амжилттай хэрэгжүүлж ажилласан" хэмээгээд нийт бие бүрэлдэхүүнд зарим үүрэг чиглэлийг өгсөн юм.
Мөн энэ үеэр 2023-2024 оны сургуулийн жилд цэргийн сургалт, бэлтгэлийн түвшнөөр "Тэргүүний анги"-ийн болзлыг хангасан Зэвсэгт хүчний 084, "Хошуучлагч анги"-ийн болзлыг хангасан Зэвсэгт хүчний 150, 331 дүгээр ангид шагнал гардуулав.