Батлан хамгаалах яамны ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар энэ сарын 21-ний өдөр Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид ажиллалаа. Тэрээр “Батлан хамгаалахын сэргэлт" бодлогын талаар сургалтыг зохион байгуулж, Батлан хамгаалахын сайдын Сахилга, хариуцлагыг бэхжүүлэх зарим арга хэмжээ, Хугацаат цэргийн алба, цэрэг татлагын ажлын зохион байгуулалтыг сайжруулах тухай албан даалгавруудыг танилцуулан мэдээлэл хийж, алба хаагчдад тулгамдаж буй асуудлын талаар ярилцлага өрнүүлсэн юм.
Ингэхдээ алба хаагчдыг ёс зүй, хандлага, бүтээлч байдлаараа манлайлагч байхыг захиад “Хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй салбар болцгооё” гэсэн уриалга дэвшүүлэв. Мөн ангийн барилга байгууламж, цэргийн байр болон хугацаат цэргийн алба хаагчдын амьдарч буй орчин нөхцөлтэй танилцаж, санал сэтгэгдлийг нь сонслоо.