Монгол Улсын хэмжээнд 2024 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага амжилттай үргэлжилж байна. Орон нутаг болон нийслэл дүүргийн цэрэг татлагад хамрагдан тэнцэж Зэвсэгт хүчний цэрэг татлагын төв байранд ирсэн цэргүүдэд соёл хүмүүжил, сэтгэл зүйн офицерууд заавар зөвлөгөө өгөхийн сацуу сэтгэл зүйн судалгаанд хамруулж байна.
Түүнчлэн шинэ цэргүүдийн ар гэрийнхэнд Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын талаар болон хугацаат цэргийн алба хаагчдын хувцас, ахуйн хэрэглэлийн хангалт, сурч боловсрох орчин зэргийг танилцуулж, ухуулах байраар зочлуулж, эх орондоо тангараг өргөхөөр яаран буй хөвгүүдийг ээж аав, хайртай дотны хүмүүстэйгээ уулзаж, халуун хоол цайгаа тухтай идэж уух уулзалтын байраар хангаж байна.
Алба хаах тус тусын анги руугаа хүлгийн жолоо залах гэж буй шинэхэн цэргүүдээс сэтгэгдлийг нь асуухад Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэхээр ирсэндээ сэтгэл хангалуун бөгөөд алба хаах урам зориг, тэмүүлэл дүүрэн байгаагаа илэрхийлж байлаа.