Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат Япон Улсын Токио хотноо зохион байгуулагдаж байгаа олон улсын Агаарын цэргийн командлагч нарын бага хурал, чуулга уулзалтад оролцож байна. Чуулга уулзалт 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр эхэлсэн бөгөөд “Аюулгүй байдалд эрсдэл үүссэн нөхцөл байдлын үед Агаар-Сансрын хүчний гүйцэтгэх үүрэг” гэсэн үндсэн сэдэвтэйгээр явагдаж байна. Бага хурлыг Японы Өөрийгөө хамгаалах Агаарын хүчний командлагч генерал Учикура нээж, АНУ-ын нэрт доктор Петер Сингэр “Өөрчлөгдөж буй ертөнц ба ирээдүйн дайны хэв шинж: Нийгэм, цэрэг, технологи” сэдвээр үндсэн илтгэлийг тавьж хэлэлцүүллээ.
Бага хурлаар “Агаарын операцид Агаарын орон зайг ашиглах шинэ чиглэлүүд ба Агаарын хүчинд тулгамдаж буй асуудлууд”, “Орчин үеийн Агаарын хүчний хүний нөөцөд тулгамдаж байгаа асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замууд”, “Энэтхэг-Номхон далайн бүс нутагт Агаарын хүчнүүдийн харилцаа, хамтын ажиллагааг хүний нөөц, техник, технологийн өөрчлөлтөд нийцүүлэн хөгжүүлэх нь” гэсэн үндсэн гурван сэдвээр хэлэлцүүлэг хийгдлээ. Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат хэлэлцүүлгийн хоёрдугаар сэдвийн хүрээнд “Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын хүчний хүний нөөцөд тулгамдаж байгаа асуудлууд түүнийг шийдвэрлэх арга замууд” сэдвээр илтгэл тавьж, Их Британи, Сингапур улсын Агаарын хүчний командлагч нарын хамт тус сэдвээр хийгдсэн хэлэлцүүлэгт панелистаар оролцлоо.
Хэлэлцүүлгээр орчин үед Агаарын цэрэг төдийгүй, бүхий л улс орнуудын цэрэг, хүчний байгууллагуудын хүний нөөцийг бэлтгэхэд орчин үеийн залуучуудын эрүүл мэндийн асуудал, Z үеийн залуучуудын хүмүүжил, ёс суртахуун, ашиг сонирхол, нийгмийн тухай ойлголт, орчин үеийн техник технологийн өндөр боловсрол мэдлэгтэй залуусын ашиг сонирхол зэргээс үүдсэн хүндрэл бэрхшээлүүд байгааг тодорхойлон, үүнтэй уялдан Агаарын хүчний зэвсэглэл, техникийн шинэчлэл хөгжүүлэлтийг орчин үеийн эдгээр шаардлагуудад нийцүүлэн хөгжүүлэхийн чухлыг хэлэлцүүлэгт оролцогсод тодорхойлон ярилцлаа.
Бага хурлын хүрээнд Япон Улсын Өөрийгөө хамгаалах Агаарын хүчний зэвсэглэл, техник хэрэгслийн үзэсгэлэн зохион байгуулагдах бөгөөд энэ үзэсгэлэнд нийтдээ 70 гаруй мянган хүн оролцох төлөвтэй байна. Төгсгөлд нь Бага хуралд оролцогчид Ирума дахь Агаарын цэргийн баазын үйл ажиллагаатай танилцах юм. Бага хурлын үйл ажиллагаа 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өндөрлөнө.