НҮБ-аас БНӨСУ-д явуулж буй UNMISS энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний оройн дээд сүлд болсон Жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ. 2003 онд 1945 оны чөлөөлөх дайнаас хойш анх удаа Монгол цэрэг хилийн чанадад үүрэг гүйцэтгэх болсон үеэс уг ёслол, хүндэтгэлийн ажиллагаа уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн. 850 хүртлэх хүний бүрэлдэхүүнтэй XIV ээлжийн цэргийн баг нь Зэвсэгт хүчин, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нийт 40 орчим нэгтгэл, анги байгууллагын алба хаагчдаас бүрдэж байна.
НҮБ-аас дэвшүүлэн бодлого болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн эмэгтэй энхийг сахиулагчдын тоог 15 хувьд хүргэх зорилтын хүрээнд 100 гаруй эмэгтэй ЦАХ тус багт үүрэг гүйцэтгэх юм. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт цуглааны ажиллагааг нээн үг хэлж энхийг сахиулагчдад Монгол Улсын Төрийн далбааг гардууллаа.
ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба амжилт хүсч хэлсэн үгэндээ: “Энэхүү өндөр хариуцлагатай үүргийг манай цэргийн алба хаагчид үлгэр жишээ биелүүлж, цагийн байдлын ямар ч хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэхдээ мэргэжлийн өндөр ур чадвар гарган, бие бялдрын хөгжил, сэтгэл зүйн бэлтгэлжилт, сахилга, зохион байгуулалтаараа ямагт манлайлж ирснийг НҮБ-ын удирдлага болон ажилтнууд, Бүгд Найрамдах Өмнө Судан Улсын орон нутгийн удирдлага, иргэд өндрөөр үнэлж ирснийг онцолж, энэхүү нэр төр, амжилт ололтыг бататган хадгалж, эх орон, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, үүргээ нэртэй гүйцэтгэхийг ерөөж, энхийг сахиулагчдыг ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэхэд найдвартай ар тал болсон гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олонд нь чин сэтгэлийн талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээн онцоллоо.