Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хуурай замын цэргийн 23 дугаар бригадын Уулын явган цэргийн сургалтын хөдөлгөөнт бүлгийн дарга дэд хурандаа Ёоханнэс Швеглэрийг Батлан хамгаалахын сайдын тушаалаар "Цэргийн хамтын ажиллагааны медаль"-аар шагналаа. Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба түүнд энэхүү хүндтэй шагналыг гардуулж, баяр хүргэв.
Дэд хурандаа Ёоханнэс Швеглэр нь ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайдын тушаалаар Монгол Улсын Зэвсэгт хүчний "Уулын явган цэргийн сургалт"-ыг удирдан зохион байгуулах үүрэг даалгаварыг авч, хэрхэн гүйцэтгэх тухайгаа бодож зогсож байсан буурал офицер хийсэн ажилтай, хэлэх үгтэй, хамтарсан сургалтын ганзага дүүрэн олзтой 6 шатны сургалтыг амжилттай удирдан зохион байгуулж, эх орон руугаа буцах бэлтгэлээ хангаж байна.
Энэхүү эрхэм офицер Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв, Горхи-Тэрэлж байгалийн цогцолбор газар, Баян-Өлгий аймгийн Сагсай сум, ХБНГУ-ын Миттэнвалд хотод цаг уурын бүхийл нөхцөлд уулын явган цэргийн сургалтыг тасралтгүй зохион байгуулахад өөрийн мэдлэг, дадлага, туршлага, ур чадвараа харамгүй хуваалцсан уулын хөтөч-зааварлагч юм. Тэр бээр 2019 оноос өнөөдрийг хүртэл 6 шатны уулын явган цэргийн сургалтаар суурь мэдлэг олгож, онцгой нөхцөлд тусгай хэрэгсэлтэйгээр сургалтуудыг зохион байгуулсан төдийгүй үндсэн төрлийн байлдааны ажиллагааг төлөвлөн явуулах тактикийн арга барилд уулчин дайчдыг дадлагажуулсан байна. Түүний хоёр орны цэргийн хамтын ажиллагаанд оруулсан хүчин чармайлтыг ийнхүү өндрөөр үнэлж Батлан хамгаалах сайдын тушаалаар "Цэргийн хамтын ажиллагааны медаль хүртээсэн нь энэ юм.