Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин Штабын дарга хошууч генерал С.Ганбямба Бүгд Найрамдах Энэтхэг Улсад 2024 оны 7 дугаар сарын 15-наас 18-ны өдрүүдэд БНЭУ-ын Батлан хамгаалахын Штабын дарга генерал Анил Чауханы урилгаар албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын эхэнд хошууч генерал С.Ганбямба Энэтхэг Улсын “Үндэсний дайны дурсгалын хөшөө, цогцолбор”-т цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн бөгөөд түүнийг Батлан хамгаалахын нэгдсэн штабын байрлалд ирэхэд Хүндэт харуул жагсаж угтсанаар албан ёсны айлчлал эхэлсэн юм.
Улмаар Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалахын Штабын дарга генерал Анил Чаухан нар албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн хамтын ажиллагааны хүрсэн түвшинг дүгнэн хэлэлцэхийн зэрэгцээ цаашид хамтран хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг тодорхойлж, бүх талаар хамтран ажиллахаа харилцан илэрхийлсэн үр дүнтэй уулзалт боллоо. Айлчлалын хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба 16 дахь удаагаа зохион байгуулагдаж буй хоёр улсын Зэвсэгт хүчний хамтарсан “Нүүдэлчин Заан-2024” хээрийн сургуулийн хаалтын ажиллагаанд оролцлоо.
Тус сургуулийг зохион байгуулсан Энэтхэг Улсын удирдлагын зүгээс “Нүүдэлчин Заан-2024” хээрийн сургуульд оролцож байгаа Монгол цэргүүдийн мэргэжлийн ур чадварыг өндрөөр үнэлж байсны зэрэгцээ богино хугацаанд харилцан суралцаж, туршлага хуримтлуулан, ур чадвараа нэмэгдүүлсэн үр дүнтэй сургууль болсныг онцлон тэмдэглэж байсан юм. Хошууч генерал С.Ганбямба тэргүүтэй айлчлалын бүрэлдэхүүн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Шүхэр десантын тусгай бригад болон Батлан хамгаалах аж үйлдвэрлэлийн томоохон төлөөлөл болох “Бхарат Электроникс компани”-ийн үйл ажиллагаатай тус тус танилцсан бөгөөд Энэтхэгийн талын хүсэлтээр Батлан хамгаалах аж үйлдвэрийн удирдлагуудтай ажил хэрэгч уулзалт зохион байгууллаа. Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямбын энэхүү албан ёсны айлчлал нь хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, Монгол Улс, БНЭУ-ын Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал ач холбогдолтой айлчлал боллоо.