Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Батлан хамгаалахын сайд Б.А.Бекболотовтой өнөөдөр (2024.07.26) уулзалт хийв. Уулзалтаар Монгол, Киргиз хоёр орны цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар харилцан санал солилцож, тодорхой чиглэлүүдээр, ялангуяа Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны туршлагаас суралцах чиглэлээр хамтын ажиллагааны төлөвлөгөө гарган хэрэгжилтийг нь хангаж ажиллахаар тохиролцсон юм.
Мөн энэхүү уулзалтын үеэр Бүгд Найрамдах Киргиз Улсын Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Б.А.Бекболотов тэргүүтэй төлөөлөгчдөд “Хааны эрэлд-2024” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн талаарх мэдээллийг ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Д.Мягмаржав танилцууллаа.