Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний Хуурай замын цэргийн командлалын орлогч дарга дэслэгч генерал Уеда Казумаса нар хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.
Дэслэгч генерал Уеда Казумаса "Хааны эрэлд-2024" энхийг дэмжих олон улсын сургуулийн нээлтийн арга хэмжээнд уригдан оролцсон бөгөөд энэ үеэр талууд хоёр орны цэргийн инженерүүдийн хамтарсан "Зам" уламжлалт сургалт дадлагын үр дүн, цаашид хэрхэн өргөжүүлэх талаар ярилцсан юм.
Бригадын генерал Ч.Цогтжаргал хоёр улсын цэргийн инженерийн салбаруудын хамтарсан "Зам" сургалт 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдсанд талархаж буйгаа илэрхийлээд Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний инженерийн цэргийнхнээс манай алба хаагчид олон зүйлийг суралцаж, мэдлэг ур чадвараараа өргөн хэмжээнд тэлснийг онцоллоо.
Мөн талууд цаашид шинэ агуулга хэлбэрээр зохион байгуулагдахтай холбоотой санал солилцсон ба энэ үеэр дэслэгч генерал Уеда Казумаса "Зам" сургалт дадлагад монгол цэргүүдийн суралцах ур чадвар өндөр байж, үр дүнтэй сургалт болоход голлох үүрэг гүйцэтгэснийг цохон тэмдэглэлээ.