ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба Олон улсын улаан загалмай хороо (ОУУЗХ)-ны Ерөнхийлөгчийн БНХАУ дахь тусгай төлөөлөгч, Бээжин хот дахь Бүсийн төлөөлөгчийн газрын дарга ноён Балтаар Стаехэлинийг өнөөдөр (2024.07.29) хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба Монгол Улсын Зэвсэгт хүчин, ОУУЗХ-ны хамтын ажиллагаа баялаг түүхтэй бөгөөд байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд МУЗН онцгой үүрэг гүйцэтгэдгийг дурдаад, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн талаарх мэдлэгийг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй ОУУЗХ-нд талархал илэрхийлэв. Мөн жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж буй "Хааны эрэлд" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд ОУУЗХ, МУЗН тогтмол оролцож, олон улсын хүмүүнлэгийн эрх зүй, Зэвсэгт мөргөлдөөний тухай хуулийн талаар мэдлэг, дадлага олгох боломж олгож, хамтын ажиллагааг хөгжүүлж байгааг онцолсон юм.
Ноён Балтазар Стаехэлин "Хааны эрэлд-2024"энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн үеэр Монгол Улсад айлчилж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, цаашид ОУУЗХ Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид, түүний дотор цэргийн хуульчдыг сургалт, семинарт хамруулах, хамтарсан сургалт, семинарыг зохион байгуулах зэргээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгааг цохон тэмдэглэв.