“Монгол Улсын Үндсэн хууль”, “Цэргийн албаны тухай” хуулийн дагуу иргэний цэргийн үүргээ биелүүлэхээр нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 73 их, дээд сургууль, Политехникийн коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвөөс сурлага, сахилга, эрүүл мэнд, сэтгэл зүй, бие бялдраараа шалгаран ирсэн оюутан цэргүүд өнөөдөр эх орноо батлан хамгаалах эрхэм үүргээ биелүүлэх баталгаа болсон Монгол Улсын Цэргийн тангаргаа өргөлөө. ҮБХИС-ийн Шархад дахь хээрийн сургалтын төвд болсон цэргийн тангараг өргөх ёслолд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба тэргүүтэй удирдлагууд болон оюутан цэргүүдийн гэр бүлийнхний төлөөлөл оролцсон юм.
“Оюутан-цэрэг” сургалт нь анх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын 2014 оны 40 дүгээр тогтоолоор хэрэгжүүлж эхэлснээс өдгөө 10 жилийн хугацаа өнгөрч, нийт 8200 орчим оюутан залуус хамрагдаад байна. Энэ жил нийслэлд 791, хөдөө, орон нутгийн 19 аймгийн 297, 51 их, дээд сургуулийн нийт 1088 оюутан залуус оюутан цэргийн онолын болон мэргэжлийн бэлтгэл сургалтад хамрагдсанаас оюутан цэргийн сургалтаа амжилттай давж 1013 оюутан цэргийн тангараг өргөж байна.
Цаашид "Оюутан цэрэг-ийн сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, орчин үеийн дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлэх, сургалтын хөтөлбөрийн агуулгыг өргөтгөх зэрэг ажил, арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллах болно гэдгийг өнөөдөр болсон “Оюутан цэрэг-2024” тангараг өргөх ёслолын арга хэмжээний үеэр Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт онцлон тэмдэглэлээ.