“Ахлагчийн жил”-ийн “Ахлагчийн алба-мэргэшсэн алба” зорилгын хүрээнд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас Төв аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагчийн бүрэлдэхүүнд харилцан туршлага солилцож, ажил албаа нэгэндээ сурталчлах өдөрлөгийг зохион байгуулж явууллаа. Нөхөрсөг уулзалт, цугларалтад оролцсон ахлагчийн бүрэлдэхүүн Төв аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад зочлон үйл ажиллагааных нь талаар мэдээлэл авч, төгсгөлд нь Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн “Ахлагчийн хөгжлийн төв”-ийн явуулж буй сургалттай танилцсан юм.
Хуурай замын цэргийн ахлагч, тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр "Энэхүү нөхөрсөг уулзалт нь Төв аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарт чиглэсэн ээлжит арга хэмжээ бөгөөд он гарсаар уулзалт, эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, уралдаан тэмцээнийг хэд хэдэн удаа зохион байгуулсан" гэдгийг онцолсон юм. Энэ нь бүрэлдэхүүнд бие биеэсээ суралцах, бусдынхаа ажил мэргэжлийг ойлгох, шинэчлэлийн бүтээлч санаа авах, албаараа бахархах үзлийг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой гэж тэр нэмж хэлэв. Нөхөрсөг уулзалтад оролцогчид Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийг түшиглэн явагдаж байгаа “Ахлагчийн хөгжлийн төв”-ийн мэргэжлийн ахлагч бэлтгэх сургалттай танилцахын зэрэгцээ тэнд томилогдон ажиллаж байгаа офицер, ахлагч нарт урам зориг хайрлаж, нөхөрлөлөө улам бататгасан юм.