• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДРИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-07-10 07:15:35
Үзсэн: 474

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДРИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-07-10 07:15:35 Үзсэн: 474



      Эрхэм генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид аа,

    Цэргийн дипломат ажилтнууд болон эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж буй цэнхэр дуулгатан-энхийг сахиулагчид аа, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хөгжил, дэвшилд бодит хувь нэмрээ оруулж, залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа.

   Та бүхэнд Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, “Монгол Улсын Төрийн далбааны өдөр”-ийн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.

    Монгол хүмүүн бүрийн зүрх сэтгэлийг огшоож, баяр бахдалыг төрүүлж байдаг Үндэсний их баяр наадам нь Монгол Улс, монгол үндэстэн, монгол хүний хувьд баясал цэнгэлийн манлай, бадран мандахын бэлгэдэл, бахархах түүх, соёлын эрхэм дээд нь байдаг билээ.

    Зуун зууныг өртөөлсөн монголын ард түмний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөөх тэмцэл, хүчин чармайлтын үр дүнд манай улс өнгөрсөн зууны эхэнд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, улмаар 1921 оны Ардын хувьсгалыг ялалтад хүргэснээр Монгол Улс эрх чөлөө, тусгаар тогтнол, халдашгүй дархан байдлаа бататган бэхжүүлж, урагшлан хөгжих шинэ цагийг эхлүүлсэн түүхтэй.

   Ардын хувьсгалын түүхт ойн баярыг төрт ёсны цэнгэлийн манлай, эрх чөлөө, тусгаар тогтнол, эв нэгдлийг бэлгэдэж Үндэсний их баяр наадам болгон жил бүрийн 7 дугаар сард өргөн дэлгэр тэмдэглэсээр ирсэн нь энэхүү ялалтын ач холбогдлыг өндөрт өргөх, ахмад үеийнхний алдар гавьяа, баатарлаг, дайчин уламжлал, баялаг өвийг сурталчлан дэлгэрүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, иргэд, залуучууд, өсвөр үеийнхэнд эх оронч үзэл, хүмүүжил, сэтгэлгээг төлөвшүүлэх өндөр ач холбогдолтой. 

   Орчин цагийн Зэвсэгт хүчний түүх нь 1921 онд Шивээ Хиагтыг чөлөөлж, Ардын хувьсгалын ялалтын тугийг мандуулсан Монгол Ардын журамт цэргээс эхлэлтэй бөгөөд өнгөрсөн зуунд тохиосон Халхын голын байлдаан, Чөлөөлөх дайн, Баруун хилийн тулгаралт зэрэг томоохон сорилт, шалгуур бүхэнд эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан тэмцэж, улс орноо өнөөгийн хөгжил дэвшилд хүргэхэд ихээхэн хувь нэмэр оруулсныг Монголын ард түмэн цаг ямагт өндрөөр үнэлж байдаг нь Та бидний бахархал юм.

   Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн эх орноо батлан хамгаалах хуулиар хүлээсэн үндсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ гамшгийн үед аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, цэргийн зориулалттай тэсэрч, дэлбэрэх зүйлийг аюулгүй болгох, улс орныхоо стратегийн ач холбогдол бүхий томоохон бүтээн байгуулалт, даян дэлхийн энхийн үйлсэд идэвхийлэн оролцох зэргээр Монгол цэргийн шилдэг уламжлалаа шинэ агуулга, хэлбэрээр улам бүр баяжуулсаар байгааг баярын энэ өдөр онцлон тэмдэглэе.

  Зэвсэгт хүчний өнөөгийн болон цаашдын хөгжил нь төрийн батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх, орчин үеийн шинжлэх ухаан, технологийн дэвшлийг нэвтрүүлсэн, мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх, дэлхийн болон бүс нутгийн орнуудтай цэргийн итгэлцлийг бэхжүүлэн, улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, оршин тогтнохуйн аюулгүй байдлыг найдвартай хангах эрхэм зорилгыг тууштай хэрэгжүүлэхэд чиглэгдэж байна.

   Мөн төр, засгаас хэрэгжүүлж буй урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, зорилт, төлөвлөлтийн баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангахын зэрэгцээ Засгийн газраас батлан хамгаалах талаар шинээр дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн манлайлан оролцох болно.

   Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний удирдлага, бие бүрэлдэхүүн жил бүрийн Үндэсний их баяр наадмыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, Монгол Улсын Төрийн далбааг мандуулах, Цэргийн ёслолын жагсаалыг бэлтгэж явуулах, Төрийн 9 хөлт цагаан тугийг залах зэрэг төрийн болон цэргийн ёслол, хүндэтгэлийн ажиллагаанд идэвхтэй оролцож ирсний зэрэгцээ хүчит бөхийн барилдаан, хурдан морьдын уралдаан, үндэсний сур, шагайн харваанд гаргасаар ирсэн амжилтаа улам бүр бататгана гэдэгт итгэл төгс байна.

 Монгол түмний Үндэсний их баяр наадам, түүхт ойг тохиолдуулан Та бүхнийхээ ажил, албанд арвин их амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе.

 Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь, алдар суу, амжилт ололт үеийн үед мандан бадрах болтугай.

             

            ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА

                    ХОШУУЧ ГЕНЕРАЛ С.ГАНБЯМБА

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74676
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69611
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50452