Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалаас нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудад цэрэг-эх оронч үзэл, хүмүүжил, зөв-аюулгүй амьдрах арга ухаан, өв соёл, ёс заншлаа өвлүүлэн үлдээх зорилгоор “Байгальд амьдрах арга ухаан” төслийг 2023 оноос эхлэн хэрэгжүүлсэн билээ. 2024 оны зуны амралтаар цэргийн алба хаагч, ажилтан албан хаагчдын хүүхэд, багачуудад зориулан “Мөрөөдөл дүүрэн эх оронч хүүхдүүд” төслийг олон улсын “Сансар” зуслантай хамтран 06 дугаар сарын 24-нөөс 29-ний өдрүүдэд амжилттай хэрэгжүүлж дууслаа.
Төслийн хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штаб болон Тусгай хүчний цэргийн командлал, нэгтгэл, ангиудын алба хаагч, ажилчин албан хаагчдын 49 хүүхэд багачууд тусгай хөтөлбөрөөр 5 өдрийг адал явдал дүүрэн өнгөрүүлсэн юм. Энэ удаагийн төслийн нэгэн онцлог нь хүүхэд, багачуудын сурч мэдсэн зүйлсийг “Тусгай бүлэг” буухиа тэмцээн хэлбэрээр аав, ээжид нь сонирхуулсан юм. Энэ үеэр Зэвсэгт хүчний залуус дууг нь сонсох дуртай реппер, ахлах ахлагч Ш.Даваацэрэн ая дууны мэндчилгээ дэвшүүллээ. Энэ үеэр Тусгай хүчний цэргийн онцлог, үйл ажиллагаа, зэвсэг, шүхрийн үзэсгэлэн болон Сансар зуслангийн шилдэг хөтөлбөр "Морьт харваа"-ны үзүүлбэрийг Олон улсын "Сансар" зуслангийн IV ээлжийн бүрэлдэхүүн, хүрэлцэн ирсэн гэр бүлийн төлөөлөл, хүүхэд багачуудад үзүүлж сонирхуулсан юм.
Төслийн хаалтын ажиллагаанд Тусгай хүчний цэргийн командлагч бригадын генерал Б.Баатар, Тусгай хүчний цэргийн штабын дарга хошууч генерал Л.Гансэлэм, Зэвсэгт хүчний Жанжин штабын ахлагч, тэргүүн ахлагч Н.Баасан, Сансар зуслангийн удирдлага, амрагч хүүхдүүдийн эцэг эхчүүд оролцлоо. Энэхүү төсөлд хүүхэд багачууд хамрагдсанаар өөртөө болон нөхөртөө эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх чадвартай болж, говь, цөл, уул, ой, ширэнгэ, гол мөрөн, цаг агаарын эрс тэс нөхцөлд хэрхэн амьд гарах арга ухаанд суралцсан төдийгүй Монгол эр хүний ёс жудаг, эмэгтэй хүний эрхэмлэх зүйл, гэр бүлийн үнэ цэн, Монгол ахуй өв соёл, эх оронч үзэл, эр зоргийн итгэл, үнэмшлээ дээшлүүлэв.
Үүний сацуу улс орныхоо хөгжилд хүн бүрийн хичээл зүтгэл, оролцоо чухал гэдгийг ойлгож, эх орноороо, Монгол хүн болж төрснөөрөө бахархах бахархлыг мэдэрч, олон төрлийн мэдлэг, дадлага, ур чадварыг эзэмшиж чадсан юм. “Мөрөөдөл дүүрэн эх оронч хүүхдүүд” төсөлд хамрагдсан хүүхэд багачууд маань сурсан мэдсэн зүйлээ амьдралдаа хэрэгжүүлж, эцэг, эхчүүдийн бахархал болсон ирээдүйн зөв МОНГОЛ хүн болон төлөвшиж байна.