Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон Улсын өөрийгөө хамгаалах хүчний инженерийн салбаруудын хамтарсан “Зам-2024” сургалт, дадлага амжилттай явагдаж байна. Хоёр орны цэргийн алба хаагчдын нөхөрсөг, гар нийлэмжтэй хамтын харилцааг бататгах зорилгоор 2024 оны 05 дугаар 18-ны өдөр Монголын соёлын өдөрлөгийг зохион байгуулав.
Энэ өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, Фермерийн аж ахуй эрхлэгч О.Ганбадралынд зочлон монголчуудын адуу маллах өв соёл, монгол адуучны морь бугуйлдах ур чадвар, хурдан морь уях арга ухаан, нүүдэлчин ахуй соёлыг сурталчлан таниулсан юм. Монголын соёлын өдөрлөгт оролцсон Япон Улсын цэргийн алба хаагчид “Монгол адуу их омголон хүчтэй, морь унах байтугай ойртож дөхөхөөс халширмаар санагдаж байлаа. Зарим цэргийн алба хаагчид маань амьдралдаа анх удаа морь унаж байна. Эхэндээ ихэд эмээж, морио хэрхэн жолоодох аргаа олохгүй байсан ч төд удалгүй морио бие дааж унаж сурлаа. Гэвч мориндоо мордох, буух нь тийм ч амар сурах зүйл биш бололтой. Дахин морь унах боломж гарвал яасан ч алдаж болохгүй шүү гэж бодлоо.
Монголчуудын адуу маллах өв соёл нь их сонирхолтой бөгөөд түүхэн уламжлалтайгаа уялдаатай юм шиг санагдлаа. Энэхүү өдөрлөгийг зохион байгуулсан Монгол Улсын Зэвсэгт хүчний инженерийн цэргийнхэндээ баярлалаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.