3эвсэгт хүчний нэгтгэл, ангийн захирагчийн Материал хэрэгслийн хангалт хариуцсан орлогч нарын цугларалтыг энэ сарын 10, 11-ний өдөр зохион байгуулж байна. “Зэвсэгт хүчний материал хэрэгслийн хангалтын тогтолцооны шинэчлэл, тулгамдаж буй асуудал, хэрэгжүүлэх арга зам” сэдвээр явуулж буй энэ удаагийн цугларалтын үндсэн зорилго нь “Материал хангалтын төлөвлөлт, хангалтыг боловсронгуй болгох, албан тушаалтнуудын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх замаар бэлэн байдлын түвшин, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх”-д чиглэгдэж байна.
Цугларалтын эхэнд ЗХЖШ-ын Материал, техникийн хангалтын газрын дарга хурандаа Б.Түвшинтөр үг хэлж, цугларалтыг өндөр үр дүнтэй, хүртээмжтэй, шинэ арга, технологиор явуулахыг зохион байгуулагчдад зөвлөж, амжилт хүссэн юм.
Цугларалтаар “Материал хангалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Үр дүнтэй багийн ажиллагаа”, “Албан хэрэг хөтлөлт”, “Орон сууцны хангалтын төлөвлөлтийн өнөөгийн байдал, шинэчлэх шаардлага”, “Анхан шатны баримт бичгийн боловсруулалт, бүрдэл” зэрэг сэдвүүдийг хөндөхийн хамт Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын материал хангалтын тулгамдсан асуудал, хүний нөөцийн хангалт, мэргэжлийн бэлтгэл, сургалтын өнөөгийн байдал, цаашид хийх ажлын талаарх хэлэлцүүлэг, санал, шүүмжлэлийг өрнүүлэх болно.