Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийнхэн хээрийн гаралт, полигоны дадлагын үед гурав, дөрөвдүгээр сард төрсөн хугацаат цэргийн алба хаагчдын төрсөн өдрийг 4 дүгээр сарын 1-ний өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Хоёр, гуравдугаар сард төрсөн 30 гаруй хугацаат цэргийн алба хаагч хээрийн байрлал дахь хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон ба өдөржин сургалт бэлтгэл, буудлага, жолоодлого гүйцэтгэсэн тэд үдээс хойш нь баярын ширээний ард суусан нь тун содон арга хэмжээ болж чадав.
Төрсөн өдөр нь тохиосон дайчдад тус нэгтгэлийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Э.Билэгсайхан баяр хүргэж, иргэний үүргээ нэр төртэй гүйцэтгэж, сургуулийн талбарт цэц мэргэн байгаагаар нь бахархаж буйгаа онцоллоо. Үүний дараа ахлах ахлагч Э.Батзориг, ахлах дэслэгч Ц.Бадамсүрэн, дэд ахлагч О.Солонго, Ц.Мөнгөнцэцэг, Т.Ариунболд төрсөн өдөр нь тохиосон түрүүч, байлдагч нартаа урлагийн тоглолт өргөн барьсан юм. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээг ахлагч Ч.Бадамгарав, Б.Энхзаяа нар зохион байгуулсан бөгөөд нэгтгэлийн удирдлагууд хэзээд дайчдаа гэдэг сайхан сэтгэлд нь талархал илэрхийлсэн юм.