Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба СУИС-ийн Соёлын сургуулийн захирал Ш.Эрдэнэцэцэг, СУИС-ийн Соёл урлагийн салбарын мэргэжил дээшлүүлэх институтийн эрхлэгч Л.Тунгалаг, Соёлын сургуулийн Номын сангийн тэнхимийн эрхлэгч Д.Амарзаяа нарыг өнөөдөр (2024.03.27) хүлээн авч уулзаж, хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Уулзалтын эхэнд ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба СУИС-ийн Соёлын сургуулийн зүгээс хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлж, цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрээр “Зэвсэгт хүчин бол том айл, энэхүү салбарт ажиллаж, соёлыг түгээж байгаа ажилтнууд нь Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудын соёл хүмүүжлийн ажилтнууд, түүний дотор номын санч нар байдаг. Тэднийг чадавхжуулах, мэргэшил, арга зүйн сургалтыг явуулах талаар хамтран ажиллаж байгаад талархаж байна.
Орчин цагийн залуус ном уншихаас илүү ухаалаг утаснаас мэдээ, мэдээллийг олж авч байгаа. Энэ цаг үед номтой нөхөрлөх нь хомс болоод байна. Энэ нь хувь хүний унших, сэтгэх, зөв бичих чадварыг үгүй болгож байгаа сул талтай гэж би боддог. Иймд цэргийн албанд татагдан ирж алба хааж буй залуусыг номтой сайн нөхөрлөөсэй, түүх соёл, үндэсний өв уламжлалаа эрхэмлэн дээдлээсэй гэж боддог юм. Би ЗХЖШ-ын Суртал хүмүүжил, сэтгэл зүйн хангалтын хэлтсийн даргад “Нэг байлдагч нэг ном уншсан бай” гэж байнга хэлдэг. Энэ нь тухайн хүнийг номд шимтэн дурлах, соён гэгээрүүлэх ажлын нэг хэсэг нь юм.
Цэрэг хүн гээд дандаа гүйгээд, буудаад явахаас гадна бие хүний соёлд суралцсанаар цаашид цэргийн албанаас халагдсаныхаа дараа нийгэмд зөв үлгэр дуурайлал үзүүлж, бие хүн болж төлөвшихөд чухал нөлөө үзүүлнэ гэж боддог” гэдгийг онцлов. Мөн энэ үеэр талууд Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудын соёл хүмүүжлийн офицер, соёлын төвийн дарга, номын санч зэрэг албан тушаалтнуудыг мэргэшүүлэх, чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлэв.
ЗХЖШ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА