Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаал, “Зэвсэгт хүчний сэтгэл зүйн хангалтын ерөнхий төлөвлөгөө”-ний дагуу Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлал, удирдах газар, нэгтгэл, ангиудын номын санч нарын мэргэжил, арга зүйн сургалт энэ сарын 28, 29-ний өдрүүдэд ҮБХИС-ийн “Төв номын сан”-ийн материаллаг баазыг түшиглэн явагдаж байна.
Энэхүү мэргэжил, арга зүйн сургалтыг Монголын Үндэсний номын сан, СУИС-ийн Соёлын сургуулийн номын сан судлалын тэнхим, “М нэмэх” ХХК зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Зэвсэгт хүчний 40 гаруй нэгтгэл, ангиудын номын санч нар хамрагдаж байна.
ЗХЖШ-ын Суртал хүмүүжил, сэтгэл зүйн хангалтын хэлтсийн дарга хурандаа Ү.Хүрлээ мэргэжил, арга зүйн цугларалтыг нээж хэлсэн үгэндээ “Өнөө цагт мэдээллийн технологийн хурдацтай хөгжил, өөрчлөлтийн үр дүнд уншигч, хэрэглэгчид мэдээллийг хүлээн авах, ашиглах шинэ нөхцөл, боломжууд бий болж, мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч номын сан, номын санч нараас технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах зүй ёсны шаардлага тавигдаж байна. Иймд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний номын санч нарын дадлага ур чадварыг нэмэгдүүлэх, шинэ мэдлэг мэдээллээр хангах, харилцан туршлага солилцох, хамт олны идэвхи санаачлагыг өрнүүлэхэд энэхүү сургалтын ач холбогдол оршиж байна” гэдгийг онцолсон юм.