• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

2024 ОНЫ “ХАТАН ИЖИЙ” НАРЫГ ӨРГӨМЖЛӨН АЛДАРШУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-03-05 14:11:29
Үзсэн: 277

2024 ОНЫ “ХАТАН ИЖИЙ” НАРЫГ ӨРГӨМЖЛӨН АЛДАРШУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-03-05 14:11:29 Үзсэн: 277



    "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр" болон "Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчний 103 жилийн ойг тохиолдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, олон хүүхэд төрүүлж өсгөснөөс гадна гэр бүл, үр хүүхдүүд нь эдгээр салбарт амжилттай ажиллаж байгаа, баялаг түүх намтартай, бахархан дуурайх гэгээн үйлстэй ээжүүдийг алдаршуулан өргөмжлөх “Хатан ижий” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр Офицеруудын ордонд боллоо.

    Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгаас санаачлан БХЯ, ЗХЖШ-тай хамтран ес дэх жилдээ амжилттай зохион байгуулсан энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаанд энэ жил төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 30 гаруй ээжийн тодорхойлолт, холбогдох материал ирсэн бөгөөд энэ өдөр “Хатан ижий” Отгоны Должинжав (ТЕГ), Цундагын Уртнасан (ШШГЕГ), Лхамсүрэнгийн Дашзэгвэ (ХХЕГ), Раднаагийн Цэрэнбямба (ЦЕГ), Галбадрахын Наранцэцэг (ХХЕГ), Лувсан-Ишийн Даваа (Зэвсэгт хүчний 015 дугаар анги), Ганбаатарын Туяа (Зэвсэгт хүчний 110 дугаар анги), Даваасамбуугийн Нямаа (Зэвсэгт хүчний 350 дугаар анги), Норовын Болормаа (ОБЕГ) нарын есөн ээж тодорч, “Хатан ижий-2024” хүндэтгэлийн эзэд болсон юм.

   Их хүндэтгэлийн эздийг алдаршуулах ёслолын арга хэмжээнд ЗХЖШ-ын даргын орлогч хурандаа Т.Галбадрах, ЗХЖШ-ын Суртал хүмүүжил, сэтгэл зүйн хангалтын хэлтсийн дарга, хурандаа Ү.Хүрлээ, ЦДБЭЧ-ын дарга, СГЗ, хурандаа Г.Золзаяа, “Эр цэргийн хатан ижий” НҮТББ-ын тэргүүн Ц.Цэцэгээ, Удирдах зөвлөлийн гишүүн А.Дуламрагчаа, төрийн цэргийн байгууллагуудын удирдлага, даргын зөвлөлийн гишүүд зэрэг эрхэм хүндтэй зочид оролцож, шагналыг гардуулан баяр хүргэв.

   2024 оны “Хатан ижий”-гээр шалгарсан ээжүүдийн хамгийн залуу нь 57, хамгийн ахмад нь 96 настай, 3-7 хүүхэд төрүүлж өсгөсөн, төрийн байгууллагад 23-41 жил ажиллаж, хөдөлмөр зүтгэлээ зориулсан бөгөөд одоо гэр бүлээс нь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад хань, хүүхдүүд, хүргэн бэр гээд 4-7 хүн алба хааж байгаа ээжүүд байна.

   Хүндэтгэлийн арга хэмжээний цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж, хатан ээжүүд нэгдэн НҮТББ-г үүсгэн байгуулж, соёлын олон үйл ажиллагааг зохион байгуулан, “Хатан ижий” намтарчилсан гэрэл зургийн цомог номыг эрхлэн хэвлүүлж, ээжүүдийнхээ гавьяаг мөнхжүүлсний зэрэгцээ хугацаат цэргийн алба хаагчидтай хамтарсан дурсамж өдөрлөг, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад хөдөлмөр зүтгэл, оюун ухаан, чин сэтгэлээ зориулан хөдөлмөрлөхийн зэрэгцээ цэргийн ханийн үүрэг хүлээж, гэр бүл, үр хүүхдүүдээ ачлан тэтгэж, бат найдвартай ар тал нь болж, бахархан дуурайх амьдрал, ажил үйлсийн түүхэн замналыг бүтээж яваа ээжүүдээ алдаршуулах, тэдний гавьяаг түмэн олонд түгээн дэлгэрүүлэх, гэр бүлийн сайн сайхныг нийгэмд таниулах сурталчлах агуулга бүхий нэвтрүүлгийг бэлтгэн үзэгчдийн хүртээл болгосон зэрэг томоохон зорилтот ажлуудыг амжилттай хэрэгжүүлээд байгаа юм.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74689
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69625
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50466