• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МӨРДЭСТЭЙ СЭТГҮҮЛЧДИЙН АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Нийтэлсэн: 2024-01-25 17:27:28
Үзсэн: 194

МӨРДЭСТЭЙ СЭТГҮҮЛЧДИЙН АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Нийтэлсэн: 2024-01-25 17:27:28 Үзсэн: 194



       Зэвсэгт хүчний Жанжин штабаас төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнуудын анхдугаар уулзалтыг хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох зорилго дор 1 дүгээр сарын 25-ны өдөр амжилттай зохион байгуулав.

       Анхдугаар уулзалтад Зэвсэгт хүчин, хил хамгаалах, онцгой байдал, цагдаа, дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, шүүх шинжилгээний байгууллага, ДХИС-ийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах бүрэлдэхүүн хэд хэдэн чиглэлээр санал солилцож, өөрсдийн гүйцэтгэж буй ажил үүргийнхээ талаар танилцуулга хийв. Тэд нийгэмд иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, хүүхэд залуучуудыг цэрэг-эх оронч үзэл хүмүүжлээр төлөвшүүлсэн контент, нэвтрүүлэг, нийтлэл сурвалжилгыг бэлтгэхэд анхаарах, мөрдэстэй цэргийн алба хаагчдынхаа ажлын онцлог, ач холбогдол, байгуулж буй баатарлаг үйлсийг олон нийтэд сурталчлахад хамтран ажиллах талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэв.

      Хэлэлцүүлгийн эхэнд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах ажил мөрдэстэй сэтгүүлчдийн нуруун дээр явдгийг онцлон дурдаж байсан бол Монголын сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар тэднийг мэргэшүүлэх сургалт дамжаанд хамруулж, эрх ашгийг нь хамгаалахад хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлэв. Ялангуяа өөрийн салбартаа сэтгүүлч гэдэг өнцгөөр, хэвлэл мэдээллийн салбарт мөрдэстэй цэргийн алба хаагч гэдгээр “хоёрдмол” байдалтай байгааг нь дурдаж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад байгаа мэргэжлийн редакцуудыг дэмжиж ажиллахаа тодотгож байсан юм.

      Мөн энэ үеэр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга хурандаа Д.Дугаррагчаа 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах зорилтот арга хэмжээний талаар танилцуулга, мэдээлэл хүргэж, үүнд мөрдэстэй сэтгүүлчдийн үүрэг оролцоо асар их гэв.

     ЗХЖШ-ын Захиргааны удирдлагын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга хурандаа Б.Отгонбаяр, Батлан хамгаалах яамны “Соёмбо” редакцын дарга дэд хурандаа С.Ууганбаяр нар батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийг олон нийтэд сурталчлах ажлын талаар танилцуулахын зэрэгцээ Монгол Улсын ууган хэвлэлүүдийн нэг “Соёмбо” сонины түүхт 100 жилийн ой ирэх хоёрдугаар сарын 05-ны өдөр тохиож буйг үйлс зорилго нэгт нөхдөдөө онцлов.

    Хэлэлцүүлэгт төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын олон нийттэй харилцах хэлтэс, албад бүр мэдээлэл солилцсон ба цагдаагийн хурандаа Б.Батзориг (ЦЕГ) байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчлахад өргөн агуулга бүхий контент, нэвтрүүлэг, шуурхай мэдээ мэдээллээс гадна цаг үеийн мэдрэмж чухал болохыг цэргийн сэтгүүлчдэд захилаа. Нийгэмд буруу ташаа мэдээлэл цацагдвал сошиал хэрэглэгчийн 15 хувьд хүргэхгүйгээр хариу арга хэмжээг яаралтай авах ёстой, тэгэхгүй бол олон нийтийг давалгаалсан асуудал болох эрсдэлтэй гэв. Мөн дэд хурандаа Г.Чинзориг (ХХЕГ) “Эх орны манаа” сонин, “Хилчин” студи болоод хилчдийг сурталчилсан нийтлэл, нэвтрүүлгийн тухай тодотгож, энэ ондоо багтан сониныхоо сард гарах гурван удаагийн дугаарын нэгийг нь монгол бичгээр бэлтгэхээр болсноо дуулгалаа.

   Мөн ОБЕГ, ШШГЕГ-ын мөрдэстэй сэтгүүлчид цомхон бүрэлдэхүүнээр олон арга хэмжээг амжуулж, орчин үеийн нийгмийн шаардлага, залуусын хандлага, сэтгэлгээнд нийцүүлэн шинэ бүтээлч ажил өрнүүлж буйгаа ярилаа. Мөн цагдаагийн хошууч Б.Билгүүн (ШШЕГ) хэвлэл мэдээллийн байгууллагатай харилцахад удирдлагын арга барил, санаа бодлоо илэрхийлж ярих чадвар, мэдрэмж хамгаас чухал учир энэ чиглэлд сургалтууд зохион байгуулахад анхаарахыг ч захиж байв. Түүнчлэн ДХИС-ийн хэвлэл мэдээллийн ажилтнууд сонсогчдынхоо эрэлт хэрэгцээнд нийцүүлэн бэлтгэдэг “Эрдмийн далай” сониноо тараан танилцуулж, бүх чиглэлээр харилцан санал солилцов.

    Хэлэлцүүлгийн төгсгөлд хурандаа Б.Отгонбаяр анхдугаар уулзалт үр дүнтэй болсныг дурдаж, мэргэшүүлэх сургалтыг хамтран зохион байгуулж, хийж бүтээсэн нийтлэл, нэвтрүүлгийг нэг шугамаар цацаж, мөрдэстэй алба хаагчдаа сурталчилсан акц өрнүүлэхэд хамтрах боломжтой гэсэн юм.

 

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74682
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69617
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50457