ЗХЖШ-ын дарга хошууч генерал генерал С.Ганбямба, АУГ-ын дарга хурандаа Д.Дугаррагчаа, МТГ-ын дарга хурандаа Б.Түвшинтөр нарын албаныхан хурандаа М.Болдбаатар захирагчтай Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажиллав.
Энэ үеэр Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямбыг ангийн хүндэт харуул жагсаж хүндэтгэн угтсан юм.
Хурандаа М.Болдбаатар ангийн үйл ажиллагаа, дэвшүүлсэн зорилго зорилт, сургалт бэлтгэл, хийж хэрэгжүүлсэн болон цаашид төлөвлөсөн ажлуудын талаар мэдээлэл өгч, тулгамдсан асуудлуудаа уламжиллаа. Хуулиар хүлээсэн үндсэн үүргийн зэрэгцээ төрийн болон цэргийн ёслол, хүндэтгэлийн ажиллагаанд тогтмол оролцон монгол төрийн нүүр царай болж, Улаанбаатар цэргийн хүрээнд ёс журмыг сахиулсаар ирсэн тус анги ирэх онд тохиох 100 жилийнхээ ойг угтаж бие бүрэлдэхүүний алба хаах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор штабын барилга, цэргийн байр, тавиулан, спорт заал зэрэг хэд хэдэн объектод засвар, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэжээ. Хошууч генерал С.Ганбямба дээр дурдсанаас гадна ангийн байрлал дахь бусад объект буюу ялангуяа цэргийн байр, гал тогоо, эрүүл мэндийн төвөөр орж, хугацаат албаны дайчдын алба хаах орчин нөхцөлтэй нэг бүрчлэн танилцаж, тэдний санал, сэтгэгдлийг сонслоо.
Мөн ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, бодлого зорилт, офицер, ахлагч нарын нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр хийгдэж байгаа ажлуудын талаар мэдээлэл өгөв. Тэрээр өнгөрсөн хугацаанд Батлан хамгаалахын сайдын санаачилгаар Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний цалингийн шатлал, сүлжээнд өөрчлөлт орсноор офицер, ахлагч нарын цалин бодитоор, мэдэгдэхүйц нэмэгдэж, бусад тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдынхтай адил түвшинд хүрсэн гэдгийг хэллээ.
Мөн энхийг дэмжих ажиллагааны сонгон шалгаруулалтыг цахимжуулсан, Барилга-инженерийн цэргийн улс орон болон Зэвсэгт хүчин дэх бүтээн байгуулалтын оролцоо өндөр байгаа зэрэг бодлогын шинэчлэлийн талаар онцоллоо. Үргэлжлүүлэн бие бүрэлдэхүүнд хандан бие бялдар, ёс зүйн хувьд өв тэгш байх ёстойг чухалчлаад зөв зүйтэй санал, санаачилга бүрийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Төгсгөлд нь тэрээр ангийн удирдлагаас танилцуулсан асуудлуудыг ойрын хугацаанд шат дараатай шийдвэрлэхээ хэлж, Зэвсэгт хүчний шинэ зууны өнгө төрхийг хамтдаа бүтээлцэхийг уриаллаа.