Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Байлдааны гавьяаны Улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 336 дугаар анги хүүхэд, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх, ангийн болон Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах зорилгоор энэ сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 28 сурагчдыг ангийн байрлалд урьж, “Бидний ирээдүй та нар” сэдэвт “Нээлттэй хаалга” өдөрлөгийг зохион байгууллаа.
Ахлах ангийн сурагчдад ангийн түүхэн хөгжлийг харуулсан “Их говийн гарнизон” баримтад кино, урлагийн хэсэгчилсэн тоглолт, зэвсгийн үзэсгэлэн сонирхуулж, дайчин алдрын танхим, номын сангийн үйл ажиллагаатай танилцуулсан юм. Мөн буудлагын скат төхөөрөмжөөр “Мэргэн буудагч” болон “Ирээдүйн цэрэг” нэртэй авхаалж самбаа сорьсон тэмцээнүүдийг зохион явуулж, аваргуудад дурсгалын зүйл гардуулав. Анги, цэргийн албаны талаарх төсөөлөл багатай ахлах ангийн сурагчид тодорхой мэдээлэлтэй болж, Зэвсэгт хүчин, цэргийн албаар бахархан буцлаа.