• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АХЛАГЧИЙН АЛБАНЫ ТЭМДЭГЛЭЛТ ӨДӨРТЭЙ БОЛЛОО
Нийтэлсэн: 2023-11-10 12:19:32
Үзсэн: 124

АХЛАГЧИЙН АЛБАНЫ ТЭМДЭГЛЭЛТ ӨДӨРТЭЙ БОЛЛОО
Нийтэлсэн: 2023-11-10 12:19:32 Үзсэн: 124



   БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн 1942 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 51 дүгээр тогтоолд “Монгол ардын хувьсгалт цэргийн ба Дотоод явдлын яамны харьяа хязгаарын цэргийн жинхэнэ жагсаалын дарга нарт шинээр алдар цол олгох тухай” асуудлыг тодорхойлж бага түрүүч, түрүүч, ахлагч гэсэн цолыг олгохоор баталсан нь түүхийн шаргал хуудаснаа тэмдэглэгдэн үлджээ.

   Түүхэн тэр өдрөөс өнөөгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын тогтолцоог боловсронгуй болгож, улам бүр төгөлдөржүүлж буй энэ цаг дор Батлан хамгаалахын сайдын 2023 оны А/277 дугаар тушаалаар жил бүрийн 11 дүгээр сарын 9-ний өдрийг “Ахлагчийн албаны тэмдэглэлт өдөр” болгох шийдвэр гарсан билээ.

   Тэгвэл өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Монгол цэрэг энхийн үйлсэд” цогцолборын талбайд уг тэмдэглэлт өдрийн нээлтийн үйл ажиллагаа болсон юм. Энэхүү үйл ажиллагаанд ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, ЗХЖШ-ын I орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, ЗХЖШ-ын орлогч дарга хурандаа Т.Галбадрах, ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Н.Баасан болон ЗХЖШ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж, төрлийн цэргийн командлал, БИЦУГ-ын удирдлага, АНУ-ын Аюулгүй байдлын 5 дугаар бригадын Сургалтын бүлгийн ахлагч, тэргүүн ахлагч Денс Кюрик, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд, “Монгол ахлагч мөнхийн холбоо”, “Монгол ахлагч нарын Соёмбо холбоо”-ны удирдах зөвлөл, тэтгэвэр чөлөөнд гарсан бэлтгэл ахлагч нарын төлөөлөл оролцсон юм.

   Энэ үеэр ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба хэлсэн үгэндээ “Өнөө цагт Монгол Улсын Зэвсэгт хүчин нь хуулиар хүлээсэн үндсэн болон бусад чиг үүргүүдийг нэр төртэйгөөр биелүүлж, төр засаг, цэргийн дээд удирдлага, иргэдээс өндөр үнэлэлт авсаар ирсэн бөгөөд тэрхүү үүргүүдийг өдөр шөнө, цаг агаарын ямар ч нөхцөлд ёсчлон биелүүлэх үйл хэрэгт даргалах болон гүйцэтгэх албан тушаалын ахлагч нар түүчээлэн оролцож, зонхилох байр суурийг эзэлж байна. Тэр ч утгаараа Монгол Улсын Зэвсэгт хүчний мэргэжлийн цэргийн 70 гаруй хувийг бүрдүүлж байгаа ахлагч нарын түүхэн замнал, алдар гавьяаг хойч үедээ уламжлуулан хадгалуулах, мэргэжил, дадлага, ур чадварыг өвлөн үлдээх, нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг явуулах, бүтээлч үйл ажиллагааг нь хөгжүүлэхэд энэхүү тэмдэглэлт өдрийн ач холбогдол асар их билээ. Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний гол цөм болсон ахлагч нар маань Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудын өмнө дэвшүүлсэн зорилго, зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэх, үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг дээшлүүлэх, цэргийн хэргийн болон мэргэжлийн дадлага, ур чадвар, сургалт бэлтгэлийн чанар, үр дүнг нэмэгдүүлэх, зэвсэг, техникийн бэлэн байдлыг хангах үйл хэрэгт манлайлан оролцож, улс орны бүтээн байгуулалт, даян дэлхийн энхийн үйлсэд бодит хувь нэмрээ оруулсаар ирснийг Зэвсэгт хүчний удирдлага ямагт өндрөөр үнэлдэг билээ” хэмээв. Мөн тэрээр 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарлаж, ахлагчийн албаны бүрэлдэхүүнд чиглэсэн бодлогын түвшний тодорхой асуудлуудыг шийдвэрлэхээс гадна олон бүтээлч ажлыг өрнүүлнэ гэдгийг дурдсан юм.

   Түүнчлэн уг үйл ажиллагааны үеэр 18-30, 31-40, 41-ээс дээш насны ангиллаар 3000, 5000 метрийн зайн гүйлтийн тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд 400 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс 5000 метрийн зайн гүйлтийн эрэгтэй 18-30 насны ангиллын I байрт Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн ахлагч С.Билэгт, II байрт АЦК-ын Х.Мягмаржав, III байрт Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн ахлагч Д.Жайсан нар, эмэгтэйчүүдийн төрөлд I байрт Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн дэд ахлагч Т.Ариунболд, II байрт 013 дугаар ангийн ахмад Б.Нангид, III байрт 013 дугаар ангийн ахлагч Б.Сарангэрэл нар шалгарав.

   Тэгвэл 3000 метрийн зайн гүйлтийн эрэгтэй 31-40 насны ангиллын I байрт Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ахлагч С.Чинбат, II байрт 110 дугаар ангийн ахлах ахлагч Б.Лхагва-Эрдэнэ, III байрт 326 дугаар ангийн ахлагч Ч.Эрдэнэбат нар шалгарсан бол эмэгтэйчүүдийн төрлөөр I байрт Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн дэд ахлагч Ж.Эрдэнэбат, II байрт 284 дүгээр ангийн ахмад Б.Одгэрэл, III байрт 013 дугаар ангийн дэслэгч Н.Ууганцэцэг нар, эрэгтэй 41-ээс дээш насны ангиллын I байрт Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн сургагч ахлагч С.Баянмөнх, II байрт 032 дугаар ангийн хошууч н.Мөнхбаяр, III байрт 337 дугаар ангийн хошууч Ч.Алтанцац, эмэгтэйчүүдийн төрлөөр I байрт Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн ахлах ахлагч Х.Давааням, II байрт 310 дугаар ангийн дэд ахлагч М.Солонго, III байрт 032 дугаар ангийн ахлах ахлагч Ц.Отгонтөгс нар тус тус шалгарсан юм. Харин тэмцээний нэгдсэн дүнгээр Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн баг тамирчид тэргүүлж, шилжин явах цомын эзэд болов.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74677
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69612
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50453