ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Материал, техникийн газрын дарга хурандаа Б.Түвшинтөр, холбоо, мэдээллийн технологийн хэлтсийн дарга хурандаа М.Золзаяа нарын албаныхан өнөөдөр дэд хурандаа Д.Ринчиндорж захирагчтай Зэвсэгт хүчний 189 дүгээр ангид ажилалаа.
Хошууч генерал С.Ганбямбыг хүрэлцэн ирэхэд тус ангийн хүндэт харуул жагсаж, ёслол төгөлдөр угтан авав. Үүний дараа дэд хурандаа Д.Ринчиндорж ангийн үйл ажиллагаа, бэлэн байдал, үүрэг гүйцэтгэлт, сургалт бэлтгэл, ололт амжилт болон тулгамдсан асуудлуудын талаар танилцууллаа.
Энэ үеэр хошууч генерал С.Ганбямба Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа. Тэрээр Зэвсэгт хүчний өөрчлөлт, шинэчлэл ба офицер ахлагч нарын нийгмийн хамгааллыг сайжруулах, ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэх чиглэлээр хийгдсэн ажлуудын талаар мэдээлэл өгсөн юм.
Үргэлжлүүлэн ангийн бие бүрэлдэхүүн өөрсдийн санал хүсэлт, асуултуудаа уламжилж, хошууч генерал С.Ганбямба эрхэлсэн асуудлуудын хүрээнд хариулт өглөө. Мөн цэргийн анги, салбарын үйл ажиллагаа албан тушаалтнуудын ухамсар, хандлага, сэтгэл, хичээл зүтгэлээс ихээхэн хамаарахыг ойлгож, шинэ санаа, бүтээлч хандлагыг урамшуулан дэмжиж сахилгын зөрчилгүй хамт олныг бүрдүүлж ажиллах ёстойг онцоллоо.