Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 256 дугаар ангийнхан 2022 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирсэн дайчдаа 10 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд бэлтгэлээр халах, Байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх, үдэн мордуулах ажиллагааг тус тус зохион байгууллаа.
Хүндэтгэлийн арга хэмжээний хүрээнд аймаг орон нутгийн үзэсгэлэнт байгаль, түүхэн дурсгал бүхий газраар аялуулдаг уламжлалтай бөгөөд энэ удаа “Монгол түмний морины их шүтээн” цогцолбор, Л.Аюуш баатрын дурсгалын хөшөөг үзэж, Өвөрхангай аймгийн нутгийн удирдлагын ордноор зочиллоо.
Бэлтгэлээр халагдаж буй дайчдад ангийн захирагч хурандаа М.Дэлгэрсайхан баяр хүргэж, халагдлаа гээд та бүхэн өмнөх шигээ иргэн биш гэдгээ ойлгоорой. Эх орондоо цэргийн тангарагтай гэдгээ ухамсарлаж, золбоо хийморьтой байж, эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрийг оруулан зүтгэж, өөртөө итгэлтэй, амьдралд шударга байх зарчмыг баримталж байхыг захив.
Харин байлдагч Б.Батбаяр “Эр цэргийн алба нь эх орноо батлан хамгаалах ариун дээд тангарагтай, эх оронч үзэл хүмүүжлийн алба төдийгүй эрдэм мэдлэгийн, эр хүний хийморь золбоо, жавхаа сүр, эр зориг, тэсвэр хатуужлын алба юм байна. Миний амьдралын хамгийн бахархал омогшлын үе байлаа. Дайчин нөхдийнхөө өмнөөс баярлалаа гэж танкийн тусгай хорооны бүх офицер, ахлагч, ажилтан албан хаагчдад хэлье. Дарга цэргийн харилцаанаас гадна хүн ёсны хүнлэг энэрэнгүй сэтгэлээр хандаж байсанд баярлалаа” гэж ярилаа. Ийнхүү албаа нэр төртэй хаасан танкийн тусгай хорооны эрхэм дайчид Өвөрхангай, Архангай, Говь-Алтай, Баян-Өлгий, Баянхонгор аймаг гээд нутаг нутгийн зүг мордлоо.