Зэвсэгт хүчний Жанжин штабаас Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний онол, арга зүйн цугларалтыг 10 дугаар сарын 3,4-ний өдрүүдэд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалыг түшиглэн зохион байгуулж байна. Энэ жилийн цугларалт "Өөрчлөлтийн менежмент ба цэргийн сургалт бэлтгэл" сэдвээр явагдаж байгаа бөгөөд гаднын олон хүндтэй зочид илтгэл тавихаар төлөвлөгдсөний нэг нь Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг юм.
Сайд Б.Батцэцэг цугларалтад оролцогчдод “Олон улсын аюулгүй байдлын орчин ба Монгол Улс” сэдвээр илтгэл тавьж, дэлхийн хэмжээний бүс нутгуудын аюулгүй байдал болон Монгол Улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний гадаад харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөн түвшинд бэхжиж байгааг онцолж, энхийг эрхэмлэгч орон болохын баталгаа нь энхийг сахиулагчид болохыг ч дурдлаа. Илтгэлийн дараа ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба дэлхийн орнуудын бүс нутгийн аюулгүй байдлын талаар мэдээлэл өгсөнд талархлаа илэрхийлж, дурсгалын зүйл гардуулсан юм.
Гадаад харилцааны сайд үргэлжлүүлэн Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалд ажиллаж, алба хаагчдын ажиллах орчин нөхцөлтэй танилцлаа. Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал энэ үеэр батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд төрлийн цэргийн командлалууд байгуулагдаж, бие даан үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжоор БХЯ, ЗХЖШ-аас бүх талаар хангаж ирснийг нь тодотгов.
Мөн тэрээр Хуурай замын цэргийн командлал нь орон нутагт шилжин байрлаж, цэргийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлж эхэлснээс хойших ололт амжилтуудыг дурдаж, Хуурай замын цэргийн хүрээнд хамтарсан сургууль, сургалт дадлага, зөвлөлдөх уулзалт зэрэг олон агуулга, хэлбэрээр гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгааг ч цохон тэмдэглэв. Уулзалтын төгсгөлд бригадын генерал Ч.Цогтжаргал хүндэт зочиндоо ХЗЦК-ын медальон болон цугларалтад зориулж гаргасан "Хуурай замын цэрэг" сэтгүүл, цэцэгсийн хамт дурсгалаа.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний гадаад харилцаа өнөөдөр өргөн түвшинд явагдаж байгааг дурдах ёстой. Олон улстай дипломат харилцаагаа улам бэхжүүлж, нөхөрлөлийг бататгахад цэргийнхний оруулж буй үүрэг асар их. Үүнийгээ ч цэргийнхэндээ илэрхийлж, баяр хүргэлээ. Хуурай замын цэргийн командлалд анх удаа ирж ажиллалаа. Цэргийн байгууллага гэхэд барилгын засал чимэглэл, ногоон байгууламж, алба хаагчдынхаа ажиллах, сурч хөгжих ая тухтай орчныг цогцоор нь бүтээн байгуулсан нь их таалагдлаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж, цугларалтын үйл ажиллагаанд амжилт хүссэн юм.