• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХӨДӨЛМӨРИЙН АЛДРЫГ НЬ ТЭМДЭГЛЭВ
Нийтэлсэн: 2023-09-28 14:53:48
Үзсэн: 124

ХӨДӨЛМӨРИЙН АЛДРЫГ НЬ ТЭМДЭГЛЭВ
Нийтэлсэн: 2023-09-28 14:53:48 Үзсэн: 124



       Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, чөлөөнд байгаа хошууч генерал Н.Жалбажав, бэлтгэл дэд хурандаа Д.Очирбал нарын Хөдөлмөрийн алдрыг тэмдэглэх “Ажил мэргэжил-бидний бахархал” сэдэвт өдөрлөг ҮБХИС-д болов. “Цэргийн улс төр, соёл хүмүүжлийн ажилтны Нэгдсэн эвлэл” ТББ-аас санаачлан ҮБХИС, БХЯ-ны Ахмадын хороотой хамтран зохион байгуулсан энэ өдөрлөгт цэргийн улс төрийн ахмад ажилтнуудын төлөөлөл, ҮБХИС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн багш, сонсогчид, Н.Жалбажав, Д.Очирбал нарын гэр бүл, ах дүү, найз нөхөд хүрэлцэн иржээ.

       Өдөрлөгт ирсэн зочдыг үлээвэр хөгжмийн аялгуун дор угтан авч сургуулийн музейг үзүүлж дурсгалын зураг авхуулав. “Сүбээдэй” танхимд эхэлсэн өдөрлөгийн салхийг ТББ-ын тэргүүн бэлтгэл хурандаа Б.Жуваа хагалж цэргийн улс төрийн ажилтнуудын содон төлөөлөл болгож хошууч генерал Н.Жалбажав, дэд хурандаа Д.Очирбал нарыг хийсэн бүтээл, туулсан замналаар нь сонгож хөдөлмөрийн алдрыг нь тэмдэглэхээр шийдвэрлэсэн тухай сонордуулав.

      Хошууч генерал Н.Жалбажав энэ үеэр хэлсэн үгэндээ мэдээллийн эрин зуунд үнэн зөвийг олоход улс төрийн ажилтны үүрэг, оролцоо чухал байгааг онцлон дурдлаа. Дэд хурандаа Д.Очирбал төрөлх сургуульдаа бахархаж хүндэтгэж явдаг эрдэмтэн генералтай хамт хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж буйдаа баяртай байна гэв.

       Отгонтэнгэр их сургуулийн профессор, Гавьяат багш Б.Галиндэв “Жалбаа бид хоёр нэг оны цэргүүд, академид хамт сурч байсан андууд. Нөхөрлөлдөө үнэнч яваад нь талархдаг” гэж ярилаа. ҮБХИС-ийн захирал, бригадын генерал П.Жаргалан “Жалбажав захирлын талаар хамт олны үнэлгээ, судалгаа сонирхолтой санагдсан. Харилцааны соёлын үзүүлэлтээр гэхэд 4,6 буюу өндөр үнэлгээ авч байжээ” гэж тэмдэглэв.

      Зэвсэгт хүчний 256 дугаар ангийг төлөөлөн “Их уул цэргийн хүрээ” ТББ-ын тэргүүн, тус ангийн захирагч асан бэлтгэл хурандаа Д.Пүрэвдорж, ангийн штабын даргаар ажиллаж байсан бэлтгэл хурандаа Э.Мөнхчулуун нар индэрт уригдаж, ангийн сургалт, соёл хүмүүжлийн ажлыг чадварлаг зохион байгуулж 10 жил тогтвортой ажилласан дэд хурандаа Д.Очирбалд талархал илэрхийлж дурсгалын зүйл гардууллаа.

     “Цэргийн улс төр, соёл хүмүүжлийн ажилтны Нэгдсэн эвлэл” ТББ-ын Хүндэт дэвтэрт хошууч генерал Н.Жалбажав, дэд хурандаа Д.Очирбал нарыг бичиж Гэрчилгээг гардуулсан. Хүндэт дэвтрийг Монгол цэргийн музейн Цэргийн доторх улс төрийн байгууллагын түүхийн танхимд байрлуулж үзэгч олон түмэнд сурталчилдаг байгаа ажээ.

     Н.Жалбажав хуучнаар ЗХУ-д төгссөн дээд сургууль, академиа алтан медальтай төгсөж, Армийн улс төрийн газрын үзэл суртлын хэлтэс, ЦИС-ийн Нийгмийн ухааны тэнхимд эрхлэгч, УИХ-ын гишүүнээр сонгогдож явсан. Дэд хурандаа Д.Очирбал Зэвсэгт хүчний 228, 167, 032, 013, 256 дугаар ангиудад мэргэжлээрээ үр бүтээлтэй ажилласан, ЦНДС-ийн улс төрийн ангийн 1984 оны төгсөгч юм.

      Хошууч генерал Н.Жалбажавыг БХЯ-ны Ахмадын хорооны “Хүндэт тэмдэг”, Львовын Улс төрийн дээд сургуулийн 80 жилийн ойн медалиар, дэд хурандаа Д.Очирбалыг ЗХЖШ-ын Жуух бичгээр тус тус шагнаж урамшуулав. Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн дурсгалын зүйлийг ЗХЖШ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга хурандаа Б.Отгонбаяр дэд хурандаа Д.Очирбалд гардуулж баяр хүргэлээ. Улс төрийн ангийн 1984 оны төгсөгчдийг төлөөлж курсийн орлогч ахлах түрүүч Д.Нацагдорж, түрүүч Ч.Эрдэнэбаяр, сонсогч асан Д.Ганхуяг нар хамт олноо төлөөлж баяр хүргэж дурсгалын зүйл гардуулав.

     Өдөрлөгийн төгсгөлд хоёр дайнд оролцсон, цэргийн улс төрийн ажилтан, хошууч генерал Ч.Данзангийн дурсгалд зориулсан “Баатрын энтэй улс төрийн удирдагч” дууг Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Батбаатар дуулж сонордуулснаар өндөрлөв.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74672
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69607
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50448