Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай, Төрийн албаны тухай, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албаны тухай хуулиуд болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 136 дугаар зарлигаар батлагдсан “Цэргийн алба хаагчид цэргийн цол олгох журам”-ын холбогдох заалт, ЗХЖШ-ын дэргэдэх “Ахлах офицерын хурандаа цолны орон тооны бус зөвлөл”-ийн 2023 оны 2 дугаар хуралдааны зөвлөмж, Төрийн албаны зөвлөлийн ЗХЖШ-ын дэргэдэх салбар зөвлөлийн 2023 оны тогтоолыг үндэслэн Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар ахлах офицерын хурандаа цолыг олголоо.
Төрийн цэргийн байгууллагуудын ахлах офицерын хурандаа цолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 136 дугаар зарлигаар батлагдсан “Цэргийн алба хаагчид цэргийн цол олгох журам”-д заасны дагуу жилд хоёр удаа олгохоор шийдвэрлэсэн ба ЗХЖШ-ын дэргэдэх “Ахлах офицерын хурандаа цолны орон тооны бус зөвлөл”-ийн дарга, гишүүд сайтар судалсны үндсэн дээр нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, зөвлөмж гаргадаг болсон нь цэргийн цолны нэр хүндийг өргөсөн бүтээлч ажлын нэг юм.
Энэ удаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны референт дэд хурандаа Б.Лхаасүрэн, ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнгийн шинжээч дэд хурандаа Б.Содбилэг, БХЯ-ны ХШҮДАГ-ын хэлтсийн дарга дэд хурандаа С.Түвшинтөгс, Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга дэд хурандаа Д.Пүрэвсүрэн, Цэргийн төв эмнэлгийн Поликлиникийн дарга дэд хурандаа Б.Болор-Эрдэнэ, ҮБХИС-ийн БХЭШХ-ийн төвийн дарга дэд хурандаа Ц.Дунгармаа, ЗХЖШ-ын БСТГ-ын ахлах мэргэжилтэн дэд хурандаа Х.Хишигсүрэн, ЗХЖШ-ын АУГ-ын Нэгдсэн ажиллагааны төлөвлөлт, зохицуулалтын хэлтсийн Хилийн цэргийн холбогч, төлөвлөлтийн мэргэжилтэн дэд хурандаа С.Баатар, Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн захирагч дэд хурандаа Д.Мөнхбаатар, Хуурай замын цэргийн командлалын дэд хурандаа Т.Амартөвшин, Тусгай хүчний цэргийн командлалын хэлтсийн дарга дэд хурандаа Б.Аюурзана, Б.Баттүвшин, Кибер аюулгүй байдлын командлалын хэлтсийн дарга дэд хурандаа Д.Мөнхбат, ХХЕГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын албаны дарга дэд хурандаа Н.Очирдорж, ХХЕГ-ын хэлтсийн дарга дэд хурандаа О.Сувд-Эрдэнэ, А.Сүхбаяр, Хилийн цэргийн ... дугаар ангийн захирагч дэд хурандаа Н.Баяржаргал, Б.Батхүү, Л.Амарсанаа, Э.Майдар, Я.Гантөмөр, Б.Хүрэлсүх, Ц.Мягмардорж, ГХЯ-ны дэргэдэх хилийн төхөрөөмжийн асуудал хариуцсан шинжээч, ахлах мэргэжилтэн дэд хурандаа Н.Батхүү, ОБЕГ-ын хэлтсийн дарга дэд хурандаа Ц.Ертөнц, Нийслэлийн Онцгой байдлын газрын хэлтсийн дарга дэд хурандаа Ж.Алтанхуяг, Дотоодын цэргийн штабын хэлтсийн дарга дэд хурандаа Х.Тулга, 810 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Ц.Батаа, ТТХГ-ын хэлтсийн дарга дэд хурандаа Г.Баярмагнай, ШШГЕГ-ын хэлтсийн дарга дэд хурандаа Р.Саруултамир, хорих ангийн дарга дэд хурандаа Л.Эрдэнэбат нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олголоо.
Хурандаа цол хүртсэн албан тушаалтнуудын цол олгох ёслолын ажиллагааг өнөөдөр (2023 оны 9 дүгээр сарын 20) Офицеруудын ордны “Соёмбо” танхимд гардуулсан юм. Уг ёслолын ажиллагаанд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, ЗХЖШ-ын ахлагч тэргүүн ахлагч Н.Баасан, БСТГ-ын дарга хурандаа С.Ванчинхүү, АУГ-ын дарга хурандаа Д.Дугаррагчаа, СБГ-ын дарга бригадын генерал Г.Болор, МТГ-ын дарга хурандаа Б.Түвшинтөр, Хүний нөөцийн хэлтсийн дарга хурандаа Л.Дагвасүрэн, ЗУГ-ын хэлтсийн дарга хурандаа Б.Балжинням, Тусгай хүчний цэргийн командлагч бригадын генерал Б.Баатар нар оролцов.
Энэ үеэр Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба хэлсэн үгэндээ “Хурандаа цол нь нэр хүндтэй, дэлхийд данстай ахлах офицерын дээд цол юм. Өнөөдөр дэлхийн бүх улсын Зэвсэгт хүчинд хурандаа цол байдаг. Мөн хурандаа цол бол албан тушаалын илэрхийлэл бөгөөд хурандаа цолтныг хараад энэ албан тушаалтан нь төрийн цэргийн байгууллагуудын удирдах албан тушаалд ажиллаж байгаа гэдгийг мэдэрдэг. Цол дагаж бяр нэмдэг гэж ярьдаг. Цэргийнхний хувьд цол дагаж хариуцлага улам бүр нэмэгддэг. Та бүхнээс ажил албандаа улам бүр хариуцлагатай, өндөр ёс зүйтэй байж, цэргийн даргын манлайллыг бүх шатанд хэрэгжүүлэхийг зөвлөе. Хурандаа цолоо хүндэтгэж, хайрлаж яваарай” гэдгийг онцоллоо.
Ийнхүү Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар ахлах офицерын хурандаа цол хүртсэн нэр бүхий хурандаа нартаа баяр хүргэж, ажил албанд нь улам их амжилтыг бэлгэдэн ерөөе.
Хурандаа Б.ОТГОНБАЯР