• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ГАЗ-66” ЗАГВАРЫН АВТОМАШИНЫГ ДИЗЕЛЬ ХӨДӨЛГҮҮРТЭЙ БОЛГОЛОО
Нийтэлсэн: 2023-09-18 14:46:17
Үзсэн: 122

“ГАЗ-66” ЗАГВАРЫН АВТОМАШИНЫГ ДИЗЕЛЬ ХӨДӨЛГҮҮРТЭЙ БОЛГОЛОО
Нийтэлсэн: 2023-09-18 14:46:17 Үзсэн: 122



   Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас өнгөрсөн 3 дугаар сараас нэгтгэл, ангиудад олон жил ашиглагдсан бензин хөдөлгүүрт цэргийн зэвсэглэл, техникийг дизель хөдөлгүүр болгон шинэчлэх туршилтын ажлыг эхлүүлсэн билээ.

   Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудын цэргийн техникийн бэлэн байдлыг дээшлүүлж, үүрэг гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой “Дизель хөдөлгүүр” төслийн эхний ажил нь Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн “ЗИЛ-131” загварын автомашинд хийсэн дизель хөдөлгүүрийн шинэчлэл байсан бөгөөд тэр даруйд нь 1100 км үүрэг гүйцэтгүүлж шалгасан нь туршилт судалгааг улам бататгаж чадсан юм.

   Тэгвэл энэ ажлын үргэлжлэл болгож Зэвсэгт хүчний 326 дугаар ангид мөн л олон жил ашиглагдсан, насжилт өндөр цэргийн зориулалттай “ГАЗ-66” загварын автомашиныг дизель хөдөлгүүртэй болгож шинэчлэх туршилт судалгааг амжилттай гүйцэтгэж дууслаа. АНУ-ын технологиор БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Сummins” загварын дизель хөдөлгүүрийг зургаадугаар сарын 12-ны өдрөөс есдүгээр сарын 10-ны өдөр хүртэл гурван сарын хугацаанд суурилуулж, гэрэл дохио, кабины доторлогоог нэмэлтээр хийсэн юм. Үүнээс гадна өвлийн нөхцөлд үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг хангах хүрээнд ХБНГУ-ын технологиор БНХАУ-д үйлдвэрлэгдсэн халуун тогоог нэмэлтээр суурилуулж өгөв.

   Энэхүү туршилт судалгааны ажлыг Зэвсэгт хүчний ХЗЦК-ын Материал, техникийн хэлтсийн Автотехникийн засвар ашиглалтын офицер хошууч Л.Уянбаатараар ахлуулсан бэлтгэл хошууч С.Дайрийбаатар, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн Авто техникийн албаны дарга хошууч Б.Ган-Эрдэнэ, Тээврийн салааны жолооч дэд ахлагч З.Ууганбат, ахлагч Г.Ганзориг нар гүйцэтгэж, хөдөлгүүрийн тооцоолол судалгаанд ҮБХИС-ийн Авто, хуягт танкийн тэнхимийн ахлах багш дэд хурандаа Т.Мөнхтүвшин, хошууч Б.Мөнхтулга нар дэмжлэг үзүүлсэн юм.

   “ГАЗ-66”-д “Сummins” загварын дизель хөдөлгүүр суурилуулснаар маневр болон хүчин чадал, нөөц явалт нь 2-3 дахин нэмэгдэж, төсөв санхүүгийн хувьд хэмнэлт үүсгэж, засвар үйлчилгээ явуулахад сэлбэгийн олдоц нэмэгдсэн зэрэг олон давуу талтай байна.

   “Дизель хөдөлгүүр” төслийн туршилт судалгаа амжилттай явагдсантай холбогдуулан шинэчлэгдсэн “ЗИЛ-131”, “ГАЗ-66” загварын хоёр автомашиныг өнгөрсөн долоо хоногт Төв аймгийн нутаг дэвсгэрт явагдсан Дайчилгаатай болон орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн хамтарсан сургалтын хээрийн байрлалд олон нийтэд дэлгэн сонирхуулсан юм.

   Энэ үеэр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба нарын албаныхан танилцаж, өөрсдийн нөөц бололцоо, туршлага чадварт суурилж, зэвсэглэл, техникээ шинэчилж байгааг сайшааж байлаа. Цэргийн бэлтгэл үүрэгтний сургуулийн төгсгөлд “ЗИЛ-131”, “ГАЗ-66” хоёр автомашиныг зэвсэглэл техникийн ёслолын жагсаалд оролцуулж, хүндэт зочид болон оролцогчдод бэлэг барьсан юм.                                                                                                                                                               

                                                                                                                                                                                                                                                                                                                              Ахмад Д.БОЛОР

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74671
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50447