БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагааны нэг үндсэн чиглэл нь хүнсний хомсдолд нэрвэгдээд буй Дотоодын дүрвэгчдийн хуаран болон хүн ам төвлөрөн суурьшсан тосгон, сууринд байгаа иргэдэд тусламж үзүүлэх арга хэмжээ бөгөөд түүний хүрээнд Дэлхийн хүнсний хөтөлбөр, НҮБ-ын хандивлагч орнуудаас ирсэн тусламжийн зүйлсийг хүргэх ажлыг тасралтгүй зохион байгуулж байна.
Дээрх арга хэмжээний хүрээнд UNMISS энхийг дэмжих ажиллагааны “Юнити” секторт үүрэг гүйцэтгэж буй цэргийн багууд Бентью суурингийн зарим иргэдэд цэвэр ус хүргэх түгээх ажлыг 2023 оны 5 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.
Монгол Улсын Зэвсэгт хүчний 12 дугаар ээлжийн цэргийн баг уг арга хэмжээнд оролцож, Бентью суурингийн ойролцоо орших 5000 орчим иргэдэд 25 тонн цэвэршүүлсэн усыг түгээж, нутгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ.
Энэ ажиллагааны үеэр зарим иргэд талархсан сэтгэгдлээ илэрхийлж “Монгол цэрэг танд баярлалаа” хэмээж байв.
Ахлах дэслэгч Л.ТҮМЭНДЭЛГЭР