Монгол Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичигт “Монгол Улс мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчнийг бүрдүүлж бэхжүүлнэ” гэж заасны дагуу бие бүрэлдэхүүнийг чадавхжуулах үйл ажиллагааны чиглэлээр “Цэргийн манлайллын номлол”-ын төслийг боловсруулах ажлын хэсэг ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдон энэ сарын 12-ны өдрөөс 16-ны өдрүүдэд ажиллалаа.
Тус ажлын хэсэг нь цэргийн манлайллын талаарх ойлголт сэтгэлгээг нэгтгэх, Монгол цэргийн манлайллын үнэт зүйл, үзэл санаа, зарчим, арга замын нэгдмэл ойлголтыг бий болгох, цэргийн алба хаагчдын бүтээлч сэтгэлгээ, эерэг нөлөөллийг урамшуулан дэмжих зэрэг агуулга бүхий цэргийн манлайллын бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж байна.
Энэхүү бодлогын баримт бичиг батлагдсанаар цэргийн алба хаагчдын албандаа хандах хандлага, итгэл үнэмшил, ёс зүй, мэдлэг боловсрол, ур чадвар, бүтээлч сэтгэхүй дээшилж, бусдаас суралцах, бусдад нөлөөлөх нөлөөлөл нэмэгдсэнээр Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадвар төдийгүй улс орны хөгжил, нийгмийн төлөвшилд оруулах манлайллын эерэг нөлөөлөл нэмэгдэх юм.
Дээрх ажлын хэсэгт ЗХЖШ-ын бүтцийн нэгжүүд, Төрлийн цэргийн командлалууд, Зэвсэгт хүчний ангиуд, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн зарим офицер, ахлагч нар багтсан юм.
Ахмад Б.БАЛЖИННЯМ