Зэвсэгт хүчний 2023 оны аварга шалгаруулах цэрэгжлийн буудлага, цэрэг-спортын цогцолборын зуны олон төрөлт,саадын зурвасын тэмцээн маргааш буюу 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхэлнэ. Тэмцээний онцлог, ач холбогдол болоод сүүлийн үед Зэвсэгт хүчний алба хаагчдын тив дэлхийд гаргаж байгаа амжилтуудын талаар ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Биеийн тамир, спортын тасгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнээс тодрууллаа.
-Тэмцээний бэлтгэл бүрэн хангагдав уу, энэ жилийн гол онцлог нь юунд оршиж байна вэ?
- Зэвсэгт хүчний Төрлийн цэргийн командлал болон удирдах газар, Зэвсэгт хүчний 40 орчим нэгтгэл, ангийн давхардсан тоогоор 600 орчим цэргийн алба хаагч цэрэгжлийн буудлага, цэрэг-спортын цогцолборын зуны олон төрөлт,саадын зурвас гэсэн гурван төрлөөр өрсөлдөхөөр бэлтгэлээ бүрэн хангаж дууслаа. Тамирчид Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн харьяа Хужирбулан дахь Сургалтын төвд 20 гаруй хоног, түүнээс өмнө нэгтгэл, ангидаа тодорхой хугацаатайгаар бэлтгэгдсэн гэж хэлж болно.
Цэрэгжлийн спорт гэдэг бол мэргэжлийн тамирчин ч юм уу эсвэл спортлог алба хаагчийн л хичээллэдэг, өрсөлддөг, оролцдог тэмцээн биш. Цэргийн хүн болж тангараг өргөсөн л бол энэ төрлүүдийг заавал гүйцэтгэж чаддаг байх ёстой. Тэр утгаараа тэмцээний чансаа жилээс жилд сайжирч, ажлын ачааллаас шалтгаалаад оролцож амждаггүй Зэвсэгт хүчний ангиуд хүртэл тамирчдаа бэлтгэсэн байгаад талархаж байна.
Тэр дундаа сүүлийн жилүүдэд цэрэгжлийн спортоор эрчимтэй хичээллэж, бүр тодорхой амжилтууд үзүүлсэн Зэвсэгт хүчний 232 дугаар анги, барилга-инженерийн анги дотроо уралдаан тэмцээнд тогтмол оролцдог Зэвсэгт хүчний 338 дугаар ангийнхандаа баяр хүргэмээр байна. Мөн алслагдсан аймгаас зорьж ирсэн Зэвсэгт хүчний 325, 327, 331, 336 дугаар ангийнхныг дурдах учиртай.
Энэ жилийн гол онцлог нь бид пракур гэдэг шинэ төрлийг туршилтаар нэмж оруулсан. Энэ нь дэлхий нийтэд хөгжиж байгаа, орчин үеийн залуусын хамгийн их сонирхож хичээллэдэг спортын нэг төрөл. Саадын зурвас болон гимнастикийн элементийн аль алийг нь багтаасан бөгөөд энгийнээр тайлбарлавал саадыг хурдан давах, хурд хийх гэж ойлгож болно. Монгол Улсад дөнгөж хөгжиж байгаа спорт. Бид мэргэжлийн спорт холбоотой нь хамтраад энэ удаагийн саадын зурвасын үед гүйцэтгэх пракурын төрлийг Улсын аварга шалгаруулах тэмцээн хэлбэрээр зохион байгуулна. Ингэхийн тулд энэ спортоор хичээллэдэг тамирчид, оюутнуудад оролцох боломжийг нь хангаж, бэлтгэл сургалтыг нь явуулж дуусаад байна. Мэдээж энэ төрөлд л цөөн тооны оюутан залуус цэргийнхэнтэй хамт оролцоно. Бусад төрөлдөө цэргийнхэн дангаараа өрсөлдөнө.
-Нутаглуулж болох эсэхийг нь туршилтаар шийдэх үү?
-Тийм ээ. Бид энэ л зарчмаар Зэвсэгт хүчиндээ туухай өргөлт, гардан тулаан, олс таталтын тэмцээнийг зохион байгуулсан ба амжилт нь та бидний нүдэнд илхнээ байна. Тив дэлхийн хошой аварга, Азийн болон улсын аваргууд та бидний дундаас тодорлоо. Зөвхөн цэргийнхнээ төлөөлөхгүй Монгол Улсыг нэрийг тив дэлхийд цуурайтуулж байна шүү дээ. Тухайлбал, туухай өргөлт байна. 2022 оны Туухай өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс ахмад Г.Цолмонхүү (029), Н.Мадигаым (350), мэргэжлийн тамирчин Туяацэцэг нар тус бүр алтан медаль, ОХУ-д суралцаж байгаа сонсогч Э.Буджав хос мөнгөн медаль хүртэж, энэ төрөлд үзүүлэх амжилтын шанг татсан. Дараа нь Э.Буджав залгуулаад БНЭУ-д зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах туухай өргөлтийн тэмцээнээс 68 кг жинд түлхэлттэй болон огцом өргөлтөөр хошой аварга болж байх жишээтэй. Э.Буджав бол мэргэжлийн тамирчин биш хичээл сургалтынхаа хажуугаар сонирхож хичээллэдэг цэргийн алба хаагч.
Хамгийн сүүлд гэхэд энэ сарын эхээр Киргизстан Улсад зохион байгуулагдсан Азийн аварга шалгаруулах туухай өргөлтийн тэмцээнээс манай цэргийн алба хаагчид 11 алт, 11 мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ.
- Манай улсад Азийн аваргаас нэг дор 11 алтан медальтан төрсөн тохиолдол байдаг болов уу?
- Нэг төрөлд ийм олон аварга төрсөн талаар би лав сонсож байгаагүй юм байна. Бараг байхгүй байх. Дээр хэлсэнчлэн амжилт гаргаж байгаа хоёр дахь спортын төрөл нь гардан тулаан. Бас л Зэвсэгт хүчинд “нутаглуулж”, алба хаагчдаа бэлтгэж, тэмцээн уралдаан зохион байгуулж ирсэн. Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн жирийн нэгэн алба хаагч, дэслэгч Б.Наадам ажлынхаа хажуугаар хичээллэж, гардан тулааны хамгийн хүнд төрлөөр дэлхийн аваргын хос алтан медальтан боллоо. Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц цар тахлын амаргүй үед Ховдоос Дорнод хүртэл 46 хоног тасралтгүй гүйж, Монгол Улсын олон өдрийн ганцаарчилсан гүйлтийн рекордыг тогтоож байх жишээтэй. Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн ахлах ахлагч С.Батцэнгэл сонс эргэлтээр мэргэжлийн тамирчдын хийж чадаагүй гиннесийн амжилтыг бас тогтоолоо. Ингээд нэрлээд байвал маш олон байна.
Энэ нь юу хэлж байна вэ гэхээр Зэвсэгт хүчний биеийн тамир, цэрэгжлийн спорт зөв гольдролоороо хөгжиж байгааг илтгэнэ. Мэргэжлийн тамирчид биш атлаа ийм амжилт үзүүлж байгаа нь цэргийн хүний тэсвэр хатуужил, эр зоригтой холбоотой, хоёрдугаарт монгол хүн өөрийгөө дайчилж чадвал асар их нөөц бололцоо байдгийг харуулж байгаа хэрэг.
Нэг жишээ татахад олс таталтын тэмцээн Монгол Улсад хөгжөөд 15-16 жил болж байгаа байх. Цэргийнхний үйл ажиллагаа бүхэн багаар гүйцэтгэдэг учраас багийн спортод амжилтад үзүүлэх магадлал өндөр гээд олс таталтын тэмцээнийг дотооддоо зохион байгуулж эхэлсэн. Харин ердөө хэдхэн хоногийн өмнө Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид улсын аварга болж чадлаа шүү дээ. Ердөө нэгхэн жилийн түрүүч, байлдагч нар ийм бахдам амжилт үзүүлнэ гэдэг бол тэдэнд чиглэсэн сургалт бэлтгэл сайн байгааг илтгэнэ хэмээн ам бардам хэлэх байна.
- Туухай өргөлтийн Азийн аваргын медальтнууд болон олс таталтын улсын аваргууддаа хүндэтгэл үзүүлнэ гэсэн. Энэ тухайд?
- Тавдугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдах Зэвсэгт хүчний 2023 оны аварга шалгаруулах цэрэгжлийн буудлага, цэрэг-спортын цогцолборын зуны олон төрөлт, саадын зурвасын тэмцээний нээлтийн үеэр хүндэтгэл үзүүлж, шагнал гардуулна. ЗХЖШ-ын удирдлагууд Азийн аваргын медальтнуудад спортын зэрэг цол олгож, олс таталтын аваргууддаа медаль гардуулж, баяр хүргэнэ. https://gsmaf.gov.mn/hztsk/onePost/1360
Ахмад Д.БОЛОР