Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, халдашгүй дархан байдлыг батлан хамгаалж, улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, үндэсний аюулгүй байдал, иргэдийн амар тайван амьдралын төлөө өндөр хариуцлагатай үүргээ нэр төртэйгөөр биелүүлж яваа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эрхэм генералууд, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид Та бүхэндээ “Монгол генералын өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье!
Эдүгээгээс 79 жилийн тэртээ Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор анхны 11 цэргийн гарамгай зүтгэлтэнд генерал хэмээх эрхэм хүндтэй цолыг олгосон түүхтэй. Улмаар 2004 оноос хойш жил бүрийн энэ өдрийг алтан мөрдэстнүүдийн өдөр болгон тэмдэглэж ирсэн нь генерал цолтнуудаа алдаршуулах, тэдний хийж бүтээсэн үйл хэрэг, дайчин замналыг иргэд, залуучууд, хойч үеийнхэнд сурталчлан таниулах, монгол бахархал, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх өндөр ач холбогдолтой болсон юм.
Монгол Улсад анхны генерал цолыг олгож эхэлснээс хойших хугацаанд өдгөө 216 цэргийн зүтгэлтэн энэхүү эрхэм цолыг хүртсэний дотор маршал нэг, армийн генерал нэг, хурандаа генерал найм, дэслэгч генерал 22, хошууч генерал 119, бригадын генерал цолыг 64 албан тушаалтан хүртэж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.
Генерал цолтнууд Та бүхэн удирдан зохион байгуулах авьяас билиг, цэргийн хэргийн өргөн мэдлэг, чадвар, хүнлэг чанар, ноён нуруу, үлгэр дуурайллаараа ямагт манлайлагчид бөгөөд төр, ард түмнийхээ их хүндэтгэлийг нэр төртэйгөөр дааж яваа цэрэг эрс гэдгийг баярын энэ өдөр онцлон тэмдэглэе.
Та бүхний залгамж халаа болсон төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын бие бүрэлдэхүүн эрхэлсэн ажил албандаа өндөр амжилт гаргахын зэрэгцээ даян дэлхийн энхийн үйлс, улс орныхоо стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтад манлайлагч үүрэгтэй оролцон, иргэдийнхээ амар тайван байдлыг хангах, хүн ам, эд баялгийг аливаа болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах ариун үйл хэргийг нэр төртэйгөөр гүйцэтгэж байгааг бид бүхэн өндрөөр үнэлдэг юм.
Эх орон, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн насан туршийн тангарагтаа чин үнэнчээр зүтгэж, мөрдэстэй алба хаагчдынхаа оргил нь болж гялалзсан алтан мөрдэст эрхэм генералууд Та бүхнийхээ ажил үйлсэд арвин их амжилт, амьдралд тань сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе.
Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай!.
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБЯМБА