МЭНДЧИЛГЭЭ
Төрийн цэргийн байгууллагуудын генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан алба хаагч, гадаад улсуудад үүрэг гүйцэтгэж буй дипломат ажилтнууд, цэнхэр дуулгатан-энхийг сахиулагчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид Та бүхэнд айлчлан ирж буй билгийн тооллын XVII жарны хөх луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдрийн мэндийг өргөн дэвшүүлье!
Монголчууд бид өнө эртнээс жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдрийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг бөгөөд ахмадуудаа ачилж, азай буурлуудаа хүндэтгэн дээдэлж, буян ерөөлийг нь сонсохын зэрэгцээ үгийн сайхныг хэлэлцэж, үйлийн сайныг урлаж, унах морь, өмсөх хувцас, идээ, ундаагаа цагаан өнгөөр бэлтгэн, бие биедээ хиргүй цагаан сэтгэлээр золгодог сайхан уламжлалыг дархлаа болгон нандигнасаар ирсэн буурал түүхтэй ард түмэн юм.
Энэхүү уламжлалт сар шинийн баярын босгон дээр өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол, халдашгүй дархан байдлыг батлан хамгаалах үйл хэрэгт мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшлийн ур чадвар, дадлага, туршлага, хөдөлмөр зүтгэл, залуу насаа зориулсаар ирсэн ахмад дайчид, ахмадууддаа онцгойлон баяр хүргэж, эрүүл энх байж, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн айлтгая.
Улиран одож байгаа усан туулай жил нь төрийн цэргийн байгууллагууд, түүний дотор Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний хувьд ололт амжилтаар арвин, онцлог үйл явдлаар баялаг өгөөмөр сайхан жил байлаа.
Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн хуулиар хүлээсэн үндсэн болон бусад чиг үүргүүдийг амжилттай биелүүлэхийн зэрэгцээ бодлогоор дэвшүүлсэн зорилго, зорилтуудаа бүрэн хангаж, улс орныхоо стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтад бодит хувь нэмэр оруулан, үер усны гамшгийн хөнөөлийг багасгах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлж нийт иргэдийнхээ гүн талархлыг хүлээсэн юм. Энэ өдрүүдэд ч Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын нутаг дэвсгэрт зам, гарц гаргах, малын өвс, тэжээлийг хүргэх, зарим айл өрхийг нүүлгэн шилжүүлэх зэрэг ажилд дэмжлэг үзүүлсээр байна.
Тэрчлэн өдгөө НҮБ-ын 7 ажиллагаанд 900 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаагийн дотор Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 13 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны 850 цэргийн алба хаагч цагийн байдлын болон цаг агаарын хүнд нөхцөлд үүргээ бахархал дүүрэн гүйцэтгэж байгаа юм. Энэхүү сар шинийн баярын босгон дээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын шийдвэрээр Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга бригадын генерал Б.Эрдэнэбат Бүгд Найрамдах Кипр Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Хүчний командлагчийн өндөр албан тушаалд томилогдсон нь олон улсын түвшинд дэлхийн цэрэг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн монгол цэргийн мэдлэг, мэргэжил, дадлага, туршлага, ур чадварыг улам бүр илтгэсэн чухал үйл явдал болсныг бахархан тэмдэглэе.
Айлчлан ирж буй луу жилд бид бүхэн батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний дунд хугацааны хөгжлийн зорилтыг хангах, төрлийн цэргийн командлалууд, удирдах газар, нэгтгэл, анги, салбар, бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадавх, цэргийн сургалт бэлтгэлийн чанар, үр дүнг дээшлүүлэх, энхийг дэмжих ажиллагаа, улс орны бүтээн байгуулалтад оролцох оролцоог нэмэгдүүлэх, бие бүрэлдэхүүний, түүний дотор хугацаат цэргийн алба хаагчдын ажиллаж, амьдрах орчин нөхцөл, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлд онцгой анхаарч ажиллахаар төлөвлөж байна.
Эдгээр дэвшүүлсэн бодлого, зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний нэр хүнд, цэргийн хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх үйл хэрэгт цэргийн алба хаагчид, ажилтнуудын оруулах хувь нэмэр их бөгөөд цаашид ололт амжилтаа улам бүр бататгаж, өөрчлөлтийн менежмент, удирдлагын манлайлал, ажлын хариуцлага, сахилга, зохион байгуулалт, мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүйн бэлтгэлийг дээшлүүлж, бүтээлч сэтгэлгээгээр идэвх санаачилгатай ажиллана гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлье.
Та бүхэндээ Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын зөвлөлийн гишүүдийн өмнөөс болон хувиасаа дахин сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүлж, ажил албанд тань арвин их амжилт, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе.
Та бүхэн минь азай буурлууд, аав, ээж, ахан дүүс, айл хотлоороо сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Монгол цэргийн яруу алдар, сүр жавхаа, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай!
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА ХОШУУЧ ГЕНЕРАЛ С.ГАНБЯМБА