• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БҮГД НАЙРАМДАХ УЛСАА ТУНХАГЛАН ЗАРЛАСНЫ ТҮҮХТ 99 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2023-11-26 09:10:00
Үзсэн: 270

БҮГД НАЙРАМДАХ УЛСАА ТУНХАГЛАН ЗАРЛАСНЫ ТҮҮХТ 99 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2023-11-26 09:10:00 Үзсэн: 270



         

      Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт, халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах үйл хэрэгт хөдөлмөр зүтгэл, залуу насаа зориулсан бэлтгэл, чөлөөнд байгаа ахмад дайчид, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт, хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагч, хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа дипломат ажилтан, энхийг сахиулагч Та бүхэндээ манай улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхаглан зарласны түүхт 99 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.

   Монголын ард түмэн, түүний дотор монгол цэрэг оршин тогтносон бүхий л хугацаанд улс орныхоо үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулах, бататган бэхжүүлэхийн төлөө үеийн үед тэмцэж ирсэн баатарлаг түүхтэй билээ.

    Өнгөрсөн хорьдугаар зууны эхэнд монголын нийт ард түмний оролцоо, дэмжлэгтэйгээр 1911 онд манай улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, 1921 оны Ардын хувьсгалаар тэрхүү тусгаар тогтнолоо улам бүр баталгаажуулсны үр дүнд манай улс Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халсан анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталсан юм.

    Ийнхүү манай улс хөгжил, дэвшлийнхээ түүхэнд анхны Үндсэн хуультай болсон нь Монгол хэмээх улс үндэстэн оршин буйн илэрхийлэл, цаашид бие даасан, бүрэн эрхт, тусгаар тогтносон улсаа дэлхий дахинаар хүлээн зөвшөөрүүлэх түүхэн хувь заяаг тодорхойлсон баримт бичиг байлаа.

    Энэ өдрийг 1964 оноос албан ёсны баяр болгон жил бүр тэмдэглэсээр ирсэн бөгөөд өөрийн орны түүх, өв, соёлыг сурталчлан дэлгэрүүлэх, тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэнийг ойлгуулах, ахмад үеийнхний баатарлаг, дайчин уламжлал, баялаг туршлагыг нь иргэд, хүүхэд, залуучуудад өвлүүлэх, тэдэнд эх оронч үзлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх чиглэлээр олон талт ажил, арга хэмжээг хэрэгжүүлж байна.

    Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн төрт улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах, улс орны бүтээн байгуулалтад бодит хувь нэмэр оруулах, соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан, техник, технологи, инновац, урлаг, спорт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, даян дэлхийд энхийг сахиулах үйл хэрэгт ямагт манлайлагч хүчин нь байсаар ирснийг баярын энэ өдөр онцлон тэмдэглэе.

   Цаашид бид бүхэн Зэвсэгт хүчний төрлийн цэрэг, нэгтгэл, анги, салбар, бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадавх, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, бие бялдар-сэтгэл зүйн бэлтгэлийг дээшлүүлэх, цэргийн албаны тогтолцоог шинэчлэх, цэргийн сургалт бэлтгэлийг орчин үеийн цэргийн урлагийн өөрчлөлт, хөгжилтэй нийцүүлэх, гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сахилга, хариуцлагыг сайжруулах чиглэлээр онцгой анхаарч ажиллах болно.

                           Эрхэм Та бүхний цаашдын ажил, албанд арвин их амжилт, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе!

                                                   Монгол цэргийн яруу алдар, сүр жавхаа үеийн үед мандан бадрах болтугай!

                                               ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА ХОШУУЧ ГЕНЕРАЛ С.ГАНБЯМБА

Холбоотой мэдээ
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-12-31 08:45:19 Үзсэн: 600
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-08-15 14:10:16 Үзсэн: 345
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-05-29 12:53:05 Үзсэн: 681
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-03-18 14:08:20 Үзсэн: 307
ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2023-12-31 09:00:54 Үзсэн: 257